Элчин сайд Д.Даваа “Газпром”-ын удирдлагуудтай цахим хурал хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-30 17:47:08
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг урагшлуулах, бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа өнөөдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.


Цахим уулзалтад төслийн ажлыг судлах Ажлын багийн Оросын талын орлогч дарга В.Г.Никитин, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргын зөвлөх С.В.Дзюба, “Газпром” НХН-ийн Гадаад худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан 512 дугаар газрын дарга Д.В.Хандог болон тус газрын холбогдох ажилтнууд болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтнууд оролцсон байна.


Цахим хурлын үеэр төслийн ажлыг судлах Ажлын хэсгийн Оросын талын орлогч дарга В.Г.Никитин Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” НХН хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тодорхойлсон ажлуудыг урагшлуулах үүднээс авч хэрэгжүүлээд байгаа арга хэмжээ, эрх зүйн баримт бичиг байгуулах явцын талаар танилцуулжээ.


Элчин сайд Д.Даваа Оросын талаас танилцуулсан асуудал түс бүрээр холбогдох тайлбар, мэдээллийг өгч, цаашид хоёр талаас тодруулж, тохиролцох шаардлагатай байгаа эрх зүйн баримт бичиг, мэдээ, материалын талаарх мэдээллийг Монголын талын ажлын хэсэг, холбогдох байгууллагуудад уламжилж ойрын хугацаанд хүргүүлэх тал дээр анхааран ажиллахаа мэдэгдсэн байна.


Хоёр тал энэхүү төсөл нь Монгол Улс, ОХУ болон БНХАУ найрсаг харилцааг илтгэх эдийн засгийн хамтын ажиллагааны бодит тод жишээ болох тул төслийг урагшлуулахад шаардлагатай ажлыг идэвхжүүлэх чиглэлээр бүх талаар хамтран ажиллахаар тохиролцжээ.




Холбоотой мэдээ