Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар хаалттай мэдээлэл өгөхөд бэлэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-30 10:32:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэж, Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ. 


Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг урагшлуулж хэлэлцэхийг хүслээ. Дээрх тогтоолд Гутайн даваа болон Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. 


УИХ-ын дарга Г.Занданшатар, "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл хүртэл есөн асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөж байна. Учир нь хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай 17 хууль, тогтоолын төсөл байгаа. Тиймээс шуурхай хэлэлцэх хэрэгтэй" гэж мэдэгдэв.


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хаврын ээлжит чуулган богино хугацаатай. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой, хугацаатай, заавал батлах ёстой хуулиуд байгаа. Тухайлбал, Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Алсын хараа - 2050, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын хууль, Шүүхийн тухай хууль зэргийг шуурхай батлах хэрэгтэй. Тиймээс гишүүд хуралдаандаа идэвхтэй оролцож хуулиудаа шуурхай баталмаар байна" хэмээсэн юм. 


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, ҮХЦ-ийн хоёр гишүүнтэй холбоотой асуудлыг хэзээ хэлэлцэх вэ. Хоёрдугаарт их суудлын хуралдаан болох гэж байна. Улстөржилт эхэлсэн, янз бүрийн шийдвэр гарч магадгүй гэсэн болгоомжлол байна. Өмнө нь Дубайн гэрээг анзаарахгүй байж байгаад Ерөнхий сайд огт хамаагүй хүмүүст эрх шилжүүлсэн байсан. Эрдэнэттэй холбоотой асуудлаар шаардлагатай тохиолдолд Засгийн газраас УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл өгөхөд бэлэн. Энэ бол тоглоом биш болоод байна. Чуулган тарах үеэр ҮХЦ-ийн их суудлын хуралдаан болж таарах гэж байна. Тэр үед дагах хууль өргөн барих боломжгүй болно. Хэрвээ боломж байвал ирэх долоо хоногт Эрдэнэт үйлдвэрт юу болсон, Сингапурын компани руу гаргаад нотариатаар батлагдаад онцгой байдал тогтоогдсон. Энэ асуудлыг УИХ-ын гишүүдэд хаалттай танилцуулах нь зөв гэж бодож байна. Зөв буруу олон талаас тайлбарлаж байна. Тиймээс бодитой мэдээллийг УИХ-ын гишүүд авч байх нь чухал" хэмээв.


УИХ-ын дарга Г.Занданшатар, "ҮХЦ-ийн хоёр гишүүний асуудлаар бичиг явуулаад сар гаруй болж байна. Монгол Улсын дээд шүүхийн танхимын хуралдаанаар нэр дэвшүүлж ирүүлэх ёстой" гэв. 


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуултад хариулахдаа, "Улсын дээд шүүхэд бичиг хүргүүлсэн. Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг байгууллага хууль зөрчиж болохгүй. Тиймээс Цэцийн хоёр хүний хугацаа дууссан тул яаралтай санал болгож нэр ирүүлэх бичиг явуулсан ч хариу ирээгүй байна" гэв.


Ингээд чуулганаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ