Монгол экологи төв: Хүүхдүүд томчуудаас илүү байгалиа хайрлах сэтгэлтэй байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-29 21:19:09
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны онгон дагшин байгалийг сонирхож ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нэг талаасаа эдийн засгийн чухал ач холбогдолтой ч нөгөө талаас байгаль орчин доройтох гол шалтгаан болж байдаг.  Дэлхийн улс орнууд жуулчдыг хамгийн ихээр татдаг газар нутгаа тусгай хамгаалалтад авч байгаль орчны доройтлыг хязгаарлах, байгалийн жам ёсны шүтэлцээт харьцааны нөхцөлийг бүрдүүлэх, байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй их өвийг хойч үедээ өвлүүлэхэд ихээхэн анхаарч байна.


Өнөөдрийн байдлаар, манай улсын 101 байршилд 30274.14 мянган га бүхий 103 тусгай хамгаалалттай газар байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 19,36 хувийг эзэлж байна. Эдгээр газрыг зориулалтаар нь дөрвөн үндсэн төрөлд хуваадаг. Үүний 45.5 хувийг дархан цаазат газар, 42 хувийг байгалийн цогцолборт газар, 12.2 хувийг байгалийн нөөц газар, 0.3 хувийг дурсгалт газар эзэлдэг.


Угтаа бол Монгол Улс байгалийн муж, бүс бүслүүр, экосистемийн төлөөлөл, ховор, нэн ховор ургамал, түүний төрөл зүйлүүдийг давхцуулан газар нутгийнхаа 30 хүртэлх хувийг тусгай хамгаалалтад авах шаардлагатай. Энэ тухай “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”, “Монгол орны биологийн төрөл зүйлийг хамгаалах үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдэд ч тусгасан байдаг. Гэвч өнөөдөр бид хамгаалбал зохих газрынхаа ердөө 3/2-ийг л хамгаалалтад авсан төдийгүй түүнийгээ хамгаалах менежмент тун хангалтгүй байгааг зарим үзүүлэлтээс харж болно.


Үүнийг “Монгол экологи төв” анхааралдаа аваад 10 жил болжээ. Тус төв тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментэд олон улсын шилдэг арга туршлагаас нэвтрүүлэх, байгаль хамгаалагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, өсвөр үеийнхэнд байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлээр ажилладаг. Энэ хугацаанд гадаад дотоодын байгууллагуудтай хамтран байгаль хамгаалах чиглэлээр нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.


Тэдний анхааралд зуны улиралд, ялангуяа баяр наадмын дараах өдрүүдэд өдөртөө 10 мянга орчим жуулчин хүлээн авдаг Хөвсгөл нуур хамгийн түрүүнд өртжээ. Гадаад, дотоодын жуулчдыг хамгийн ихээр татдаг үзэсгэлэнт Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг жишиг газар болгохоор сонгосон аж. Энэ бүс нутгийг хамгаалах чиглэлээр олон ажил сонсогддог ч бодит байдал дээр хэрэгжих нь ховор. Нэг жишээ дурдахад, Хөвсгөл нуурын орчимд 20 гаруй байгаль хамгаалагч ажилладаг бөгөөд нэг байгаль хамгаалагчид 70 гаруй мянган га талбай ногдоно. Энэ том талбайг тэд ихэвчлэн мориор туулдаг учир байгаль хамгаалах ажил нь цаг хугацаа их шаардахын сацуу үр дүн багатай байдаг байна.



Монгол экологи төвөөс 2014 онд Хөвсгөл нуурын БЦГ-ын 15 байгаль хамгаалагч, 2015 онд Улаан тайгын ТХГ-ын 20 байгаль хамгаалагчийг мотоциклтой болгох “Хөх давалгаа” аяныг өрнүүлжээ.


Тус аянд 10 гаруй орны мотоспорт сонирхогчдыг татан оролцуулж Улаанбаатараас Хөвсгөл хүртэл 1000 гаруй км замыг туулан байгаль хамгаалагчдад мотоциклоо гардуулан өгөхөөр сонирхолтой байдлаар зохион байгуулжээ.  


Дэлхийн улс орнуудад тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны ажилчдын 70 хувь нь мэдээллийн ажилтан байдаг. Гэтэл манайд иргэд олон нийтийг тусгай хамгаалалттай газрын тухай мэдээллээр хангах ажлыг нэг хүн үндсэн ажлынхаа хажуугаар давхар хариуцаж байгааг тус төвийнхөн тэмдэглэв. Тэмдэг тэмдэглэгээ, мэдээлэл дутмаг байдаг учир иргэд тусгай хамгаалалттай газар нутаг руу орж ирж байгаагаа ч мэддэггүй.


Тиймээс 2015 онд АНУ-ын Йосэмити үндэсний паркийн тэмдэг тэмдэглэгээний үйлдвэрт стандартын дагуу үйлдвэрлэгдсэн нэвтрэх цэг, зам, мэдээллийн төвийн нийт 12 тэмдэглэгээг хийж Хөвсгөл нуурын БЦГ-т байрлуулжээ. Мөн Хөвсгөл орчмын аяллын туршид үзэх боломжтой газар, ан амьтан, зам жимийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийж олны хүртээл болгожээ.  


Улмаар АНУ болон Монгол Улсын тусгай хамгаалалттай газрууд хоорондоо шилдэг арга туршлагаа солилцох үүд хаалгыг нээж 2015 онд Улаан тайга, Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрууд, Хөвсгөл нуур, Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрууд нь АНУ-ын Йосэмити үндэсний парктай, 2017 онд Отгонтэнгэрийн УТХГ нь АНУ-ын Денали үндэсний парктай тус тус эгч дүүгийн харилцаа тогтоож хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ. Ингэснээр хоёр улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны ажилтнууд, байгаль хамгаалагчид харилцан туршлага, мэдээлэл солилцох боломж нээгджээ. Энэ харилцааг цаашид улам бэхжүүлж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр манай холбогдох төрийн байгууллага ажиллах хэрэгтэйг хэлсэн юм.



Хүүхэд багачуудаар дамжуулан томчуудад байгаль орчноо хайрлах үзэл, дадлыг хэвшүүлэх нь илүү үр дүнтэй байгааг Монгол экологи төвийнхөн анзаарчээ.

Тиймээс Хөвсгөл нуурыг жишиг БЦГ болгох ажлын хүрээнд Хатгал, Ханх сумын 110 гаруй хүүхдийг Өсвөрийн байгаль хамгаалагчийн зуны сургалтад хамруулсан байна. Уг сургалтын дараа хүүхдүүдээс олон эерэг санаачилга гардаг бөгөөд зарим нь эцэг эхийнхээ эрхэлж буй бизнесийг зогсоох хүртэл хэмжээнд байгаль экологийн асуудлыг хүлээж авсан тохиолдол гарсныг тус төвийн багш нар онцолж байлаа.


Монгол экологи төвөөс хүүхдүүд рүү чиглэсэн олон ажлын нэг хэсгийг Европын Холбооноос дэмжин Монголын төрийн бус байгууллагад 557 мянган еврогийн санхүүжилт олгохоор болсон байна. Энэ бол Монгол орны байгалийн болон соёлын өв, нөөц баялгийг зохицуулах, зүй зохистой ашиглахад залуусын ур чадварыг хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөр юм.


Хөтөлбөрийн хүрээнд 2019-2021 онд Монгол Улсын хөдөө орон нутаг болон нийслэлийн алслагдсан дүүргүүдийн 9-12-р ангийн сурагчдыг хөгжүүлэх, тэднийг идэвхжүүлэх, чадавхжуулахыг зорьж байгаа аж. Тодруулбал, сурагчдын санаачлан боловсруулсан 18 бичил төслийн хэрэгжилтийг хангах, “Манлайлал” зуны зусланд 600 орчим сурагчийг хамруулах, 100 гаруй сурагч тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил сонголтыг нь дэмжиж дадлага хийлгэх, 6 сургууль дээр сурагчдын хөгжлийг дэмжих танхимыг шинээр засаж тохижуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм. Улмаар нийслэл, сум орон нутгийн шилдэг 6 сурагч олон улсын сурагч солилцоонд хамрагдаж, тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх олон улсын арга туршлагад суралцах юм байна.



Холбоотой мэдээ