Улс орноо жолоодох ёстой залуус "гудамжинд лааз өшиглөсөөр" ...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-29 16:30:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг 988 хүүхэд төгсөж, нийтдээ мянга гаруй хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна.  Мэдээж, хүүхэд бүр л ямар нэг сургуулийн босго алхаж, дээд боловсрол эзэмшихийг хүсч байгаа байх.

Сургуульгүй хоцорсон гэж хэлүүлэхээсээ, хар, бор ажилтан гэж хочлуулахаасаа нэрэлхэж, хүссэн сургуулиа авч чадахгүй бол тааралдсан сургуульд таарсан мэргэжлээ сонгох шийдвэр гаргадаг нь үе үеийн төгсөгчдийн нийтлэг дүр төрх юм. Ирээдүйдээ биш одоогийн нөхцөл байдалдаа тулгуурлан гаргасан энэ шийдвэр нь эргээд ажилгүйчүүдийн эгнээг нэмэх үндсэн шалтгаан болж байна.

Өвөрхангай аймагт жилд 1600-1800 иргэн ажил хайгчаар идэвхтэй бүртгүүлдэг бөгөөд тэдний 30 орчим хувь нь дээд боловсролтой залуучууд байдаг аж. Тухайлбал, 2018 онд нийт 985 иргэн ажил хайж бүртгүүлснээс 203 нь, 2019 онд 1165 ажил хайгчаас 194 нь, 2020 оны эхний улиралд 1381 ажил хайгч бүртгүүлснээс 245 нь дээд боловсролтой залуучууд байна.

Энэ тоо баримт нь нийт боловсролтой ажилгүйчүүдийн дүн мэдээ хараахан биш бөгөөд зөвхөн ажил идэвхтэй хайж, зохих газарт бүртгүүлсэн иргэд. Тэдний цаана ажил хайх шаардлагагүй буюу гэртээ үр хүүхдээ хараад сууж буй эхчүүд, худалдагч, тогооч, зөөгч, оёдолчин, барилгачин, уурхайчин хийгээд явж байгаа дээд боловсролтнууд олон бий. Энэ тухай зарим залуусаас тодрууллаа.


“Олон улсын Эдийн засаг, бизнесийн дээд сургууль /ОУЭДБДС/-ийг 2008 онд гааль, татварын мэргэжилтнээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллах боломж байгаагүй. Энэ салбарт ихэвчлэн танил талаараа ордог учраас нэг хөөцөлдөж үзээд больсон. Сургууль төгссөнөөс хойш олон жил хар, бор ажил хийж байна” хэмээн нэг эмэгтэй хэлсэн бол “Хэл, иргэншлийн дээд сургуулийг Монгол хэл, уран зохиолын багшаар төгсөөд арваад жил болж байгаа. Аймгийн боловсролын салбарт олон удаа хандсан ч энэ мэргэжлээрээ ажиллах орон тоо гардаггүй учраас гэртээ хүүхэд гаргаад л сууж байна” гэж өөр нэгэн нь хэлэв. Эдгээр нь ажилгүйчүүдийн нийтлэг жишээ тул олныг дурдах шаардлагагүй.

Нэг хүүхдийг дээд мэргэжилтэй болгохын тулд хамгийн багадаа 20-оод сая төгрөг зарцуулдаг болохоо эцэг, эхчүүд хэлж байна. Үүний тулд банкнаас зээл авч, хүүг нь тооцоод өгөхөд нэг нугалдаг гэнэ. СУИС-д хүүхдээ сургахын тулд жилийн 3.4 сая төгрөгийн төлбөр дээр орон байр, унаа, хоолны мөнгө нэмэрлэж, зөвхөн нэг жилд 10 гаруй сая төгрөг зарцуулж байгаа бол Манба-Дацан сургуульд хүүхэд нь жил бүр 5 орчим сая төгрөгийн зарлагатай суралцаж байгааг эцэг, эхчүүд ярилаа. “Бусдын хүүхэдтэй эн тэнцүүлэх гээд хүүхдээ эрдэм номын мөр хөөлгөхөөс аргагүй байдалд хүрдэг. Одоо чинь боловсролгүй хүн байтугай, онц дүнтэй диплом өвөртлөчихөөд ажилгүй явж байгаа хүн алийг тэр гэхэв. Тэгж бодоод хоёр хүүхдээ сургуульд сургах гэж байдгаа барж байна. Өр зээлний дороос өндийж чадахаа байсан” гэх хүн ч байв. Үндсэндээ залуучууд 40-50 сая төгрөгөөр дээд боловсрол эзэмшчихээд эцэст нь “гудамж метрлэх” эсвэл энгийн ажил хийх сонголтод хүрдэг аж.

Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч, ажлын байрны эрэлт хоёр нэг шугаманд зэрэгцэж чадахгүй байгаагийн гол хохирогчид дээд боловсролтнууд юм. Аймгийн ХХҮГ-ын бүртгэлээс харахад жилд дунджаар 1500-1700 орчим байнгын ажлын байр гардаг ч энэ нь бараг 100 хувь энгийн ажил, мэргэжил байдаг. Тодруулбал, барилгачин, барилгын засал чимэглэлч, гагнуурчин, худалдагч, тогооч, малчин зэрэг ажлын байрны эрэлт дийлэнх нь байна. Үүний зэрэгцээ эдгээр “албанд” дээд мэргэжилтэй хүн ажилд авна гэж заасан байдаг нь боловсролын системийн гажуудал гэж хэлж болохоор. Өөрөөр хэлбэл, энгийн ажил эрхлэхийн тулд дээд сургууль төгсөөд, мөн тухайн чиглэлээр давтан мэргэших шаардлага урган гарч байна.  Энэ нь хөдөлмөрийн зах зээлд зөвхөн дээд боловсролоор ч "борлогдохгүй"-н жишээ гэж хэлж болно.

Энэ мэт олон шалтгаанаас үүдэж, мэргэжил, боловсролоо зөв сонгох нь ирээдүйн ажил, амьдралд хөлөө зөв олох эхлэл болно гэдгийг дунд сургууль төгсөгчдөд сануулах ёстой. Монгол Улс дахь хөдөлмөрийн зах зээлд хуульч, эдийн засагч, нягтлан бодогч, санхүү, бизнесийн удирдлага гэсэн мэргэжлүүд илүүдэлтэй байгаа бол оюутнуудын дийлэнх нь эдгээр мэргэжлээр суралцаж байгаа нь ажлын байргүй үлдэх аюулын харангыг дэлдэж байна.

Харин эрэлттэй ажлын байранд мэдээлэл технологийн мэргэжилтэн, өндөр зэрэглэлийн тогооч, барилгын болон автын инженер, гоо сайхны мэс засалч гэхчлэн технологийн мэргэжлүүд зонхилсоор...  Эцсийн дүнд улс орноо залж, жолоодох ёстой залуус хийх ажилгүй, “лааз өшиглөөд” явж байгаа нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэх асуудал гэдгийг онцолъё.

Холбоотой мэдээ