Сэтгүүлчид ажлын талбараа гэрэл зургийн бүтээлээс дурандав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-04 11:20:30

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж МСНЭ-ийн  Дорноговь  аймаг дахь “Хутагтын бийр” салбар зөвлөлөөс санаачилж сэтгүүлчдийн цаг наргүй хөдөлмөр, ажлаа хийж буй агшин, цаг үеийн сонирхолтой баримтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг “Саран хөхөө” театрт гаргалаа.

Сэтгүүлчид бусдын ажил хөдөлмөр, амжилт бүтээл, алдаа оноо бүрийг телевизийн хальснаа, сонины шарласан нүүрт, фото зургийн кадрт үлдээж түүхийн жим мөрийг тамгалан үлдээдэг  боловч өөрсдийнхөө  ажлын талбар, нөхцөл,  агшин бүрийг  төдийлэн анхаардаггүй  онцлог салбарын эзэд билээ.

Дээрх үзэсгэлэнгээс Дорноговь аймгийн ууган хэвлэл “Ялалт” сонинд ажиллаж байсан ахмад, дунд үеийнхэн хийгээд  ерээд оныхон, үүнээс хойшхи өнөө үеийн залуу   сэтгүүлчдийн ажил хөдөлмөрийг харуулсан  сонирхолтой агшин, тухайн үеийн нийгмийн байдал зэргийг нэвт дурандаж болох юм.

Дорноговь аймагт өнөөдрийн байдлаар гурван телевиз, хоёр fm радио, хоёр сонин, хоёр портал сайт тогтмол үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үүнд 20 гаруй мэргэжлийн уран бүтээлч ажиллаж байна.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ