Японд онцгой байдлын дэглэмийг сунгаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-27 09:18:31

ТОКИО. /NHK/. Японд тогтоосон онцгой байдлын дэглэмийг ирэх тавдугаар сарын эхээр бүрмөсөн цуцлахад хүндрэлтэй байж болзошгүй талаар тус улсын Засгийн газрын төлөөлөгчид санал бодлоо солилцож эхэлжээ. 


Халдварын тархалт урьдчилан таамаглаж байсны дагуу саарахгүй байна гэж анагаахын мэргэжилтнүүд мэдээлжээ. Засгийн газар Токио, Осака болон өөр таван мужид энэ сарын 7-ноос онцгой байдал зарлаж, энэ сарын 16-нд орон даяар болгон өргөжүүлсэн билээ.


Эрх баригчид улс орон даяарх нөхцөл байдлыг нягт ажиглаж байгаа бөгөөд онцгой байдлын дэглэмийг тавдугаар сарын 6-наас үргэлжлүүлэн сунгах эсэхийг хүмүүс хоорондын хавьтал 80 хувиар буурсан эсэх хийгээд эмнэлгүүдэд нөхцөл байдал ямар байгаа талаарх мэргэжилтнүүдийн саналыг сонссоны дараа шийдэх ажээ.


“Засгийн газар шийдвэрээ эрт гаргах шаардлагатай бөгөөд ингэснээр сургууль, компаниудад бэлтгэх цаг олгоно” гэж Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтоши “NHK” сувагт мэдээлжээ. Тэрбээр коронавирусний тархалтыг хязгаарлах Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байгаа юм.


Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, тоон үзүүлэлтүүд буурч эхэлсэн хэдий ч Токио, Осакад өдөрт бүртгэгдэж буй шинэ тохиолдлын тоо тэдний таамаглаж байснаас өндөр байгаа ажээ. 

Холбоотой мэдээ