Батноровыг жишиг сум болгон хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-04-23 17:02:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Үүнтэй холбогдуулж тус хөтөлбөрт хамруулах таван сумыг ЗГХЭГ-аас тодорхой болзол, шалгуурын дагуу шалгаруулаад холбогдох яамдад танилцуулаад байгаа юм.


Улсын хэмжээнд жишиг байдлаар хөгжүүлэхээр эхний ээлжинд Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Хэнтий аймгийн Батноров, Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан гэсэн таван сумыг шалгаруулжээ. “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт ч нэр бүхий 99 сумыг эхний ээлжинд заавал төрөөс дэмжиж хөгжүүлвэл төвлөрлийг сааруулах, тухайн сумдад ажиллаж, амьдрах таатай орчин бүрдэнэ гэсэн дүгнэлт тусгасан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Батноров сумын ажилтай танилцахдаа онцолж байлаа. “Сумын төвийн шинэчлэл”-ийн хүрээнд тус суманд Нутгийн удирдлагын ордон, цэвэрлэх байгууламж, 320 хүүхдийн багтаамжтай ЕБС-ийн хичээлийн байрны өргөтгөл зэрэг нийт 4,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийх аж. Одоогийн байдлаар “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлаа Батноров сумынхан бүрэн хангасан бөгөөд Сангийн яам, БХБЯ зэрэг газруудаас санхүүжилт шилжиж орж ирэх, зарим зураг төсөл нь хийгдэх, гүйцэтгэгч компанийг шалгаруулах зэрэг ажлууд бэлэн болохоор бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхэд бэлэн болжээ. 


“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд тухайн сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, айл өрхүүдийг халуун, хүйтэн ус, дулаан хангамж бүхий дэд бүтцэд холбож, авто зам, цэвэрлэх байгууламж зэргийг нь бүрэн шийднэ. Үүнд сум бүрт 4 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүнийг Засгийн газраас гаргах болсон юм. Хэрэв эдгээр таван суманд уг хөтөлбөр амжилттай хэрэгжвэл цаашдаа Монгол Улсын бүх сумыг тус хөтөлбөрт хамруулахаар Засгийн газар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ