“Пэнчан-2018”-ын Зохион байгуулах хорооны дарга огцорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-05-03 17:33:38

СӨҮЛ. /ТАSS/. 2018 онд Өмнөд Солонгосын Пэнчан /PyeongChang/ хотод болох өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Чо Ян Хо албан тушаалаасаа огцорчээ.

Тэрбээр “Ханжин Групп” компанид захирлуудын зөвлөлийн даргаар ажилладаг бөгөөд компани нь санхүүгийн хүндрэлтэй тулгарсан гэх шалтгаанаар албан тушаалаа өгч байгаа аж. Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, огцрох хүсэлтийг хүлээн авчээ.

Ингэснээр Чон Ян Хо нэлээд хэмжээний алдагдалд ороод буй Hanjin Shipping компанийг аврахын тулд анхаарлаа төвлөрүүлэн ажиллах боломжтой боллоо. “Ханжин Групп”-ын бүрэлдэхүүнд Өмнөд Солонгосын агаарын тээврийн Korean Air компани багтдаг бөгөөд уг компани “Пэнчан-2018” өвлийн Олимпийн тоглолтыг ивээн тэтгэгчдийн нэг юм.

Чо Ян Хо 2014 оны 7 дугаар сард Зохион байгуулах хорооны даргаар томилогдсон аж. “Пэнчан-2018” өвлийн Олимпийн наадам 2018 оны 2 дугаар сарын 9-25-ны өдрүүдэд болно.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ