“Brent” маркийн нефтийн үнэ 16 ам.доллароос доошилж буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-04-22 13:17:16

МОСКВА. /RIA Novosti/. Лхагва гаргийн өглөө дэлхийн зах зээлд “Brent” маркийн нефтийн үнэ 16 ам.доллароос доошилж, 1999 оны 12 дугаар сарын 11-нээс хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрч буурчээ.


Лондоны ICE биржийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 12 хувиар буурч, нэг торх нь 16.85 ам.доллар болсон бөгөөд үүнээс хэдхэн минутын өмнө нэг торх нь 15.99 ам.долларт хүрч унажээ. Харин “WTI” маркийн нефтийн зургадугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 3.54 хувиар буурч, нэг торх 11.19 ам.доллар болсон байна.


Даваа гарагт “WTI” маркийн нефтийн үнэ түүхэнд анх удаа хасах үзүүлэлт рүү орж унасан билээ. Дэлхий даяар коронавирусний халдвар тархсаны улмаас нефтийн эрэлт буурсан нь үнэ унахад нөлөөлсөөр байгаа юм.


Коронавирус болон илүүдэл нөөцтэй байгаатай холбоотойгоор нефтийн эрэлт энэ онд огцом буурсан хэвээр байна гэж ОПЕК болон Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчид таамаглаж байна.


Холбоотой мэдээ