Хумхаа өвчний эмийг “COVID-19”-ийн эсрэг үр дүнтэй эсэхийг туршина

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-04-20 17:47:43

ВАШИНГТОН. /Reuters/. Шведийн эм үйлдвэрлэгч “Novartis” компани хумхаа өвчний гидроксихлорохин эмийг “COVID-19” халдварыг эмчлэхэд үр дүнтэй эсэхийг үргэлжлүүлэн турших зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас авчээ. Энэхүү туршилтад 440 өвчтөнийг хамруулах бөгөөд дүнг нь гарсан даруйд олон нийтэд танилцуулах ажээ.


Хумхаа өвчнийг эмчлэхэд олон арван жилийн турш ашиглаж ирсэн гидроксихлорохин коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг анагаахад тустай байж болзошгүй гэх яриа гарсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг эм халдварыг эмчлэхэд үр дүнтэй байх магадлалтай хэмээн мэдэгджээ. Гэсэн хэдий ч гидроксихлорохин коронавирусний халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд үр дүнтэй эсэх нь батлагдаагүй байгаа юм.


Гидроксихлорохиныг чонон хөрвөс, ревматоид артритыг эмчлэхэд ашигладаг байна. Одоогийн байдлаар “COVID-19”-ийг эмчлэх батлагдсан эм байхгүй байгаа юм. “Novartis, Roche”, Gilead” зэрэг компаниуд бусад өвчнийг анагаах зорилгоор өмнө нь гарган авсан эмнүүдийг коронавирусийг эмчлэхэд үр дүн өгөх эсэхийг туршсаар байгаа ажээ. Мөн “Gilead” компани “Эбола” вирусний ремдесивир эмийн туршилтаа саяхан өргөжүүлсэн байна. 

Холбоотой мэдээ