Д.Нямхүү: Коронавируст халдвартай хүнийг хэвтүүлэх бэлтгэлийг хангалттай хийсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
boloroo8136@gmail.com
2020-04-15 17:41:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Сонгдо" эмнэлэгт түргэн оношлуураар халдвартай гэж оншлогдсон ч нарийвчилсан шинжилгээгээр үгүйсгэгдсэн тохиолдол өчигдөр гарсан. Тиймээс түргэн оношлуурыг ямар тохиолдолд ашиглаж байгаа, хэрхэн оношилдог талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгээс тодрууллаа.


-Манай улсад хэчнээн төрлийн оношлуур хэрэглэж байна вэ?

-Дөрвөн төрлийн түргэн оношлуур Монголд орж ирсэн. Бид дэлхий нийтийн ашиглаж байгааг хэрэглэж байна. Түргэн оношлуураар оношлох нь эцсийн хариу болохгүй гэдгийг бүгд анхаарах хэрэгтэй. Манай төв лабораторид түргэн оношлуур болон PCR шинжилгээний оношийг харьцуулсан тэмдэглэл хийж байгаа. Ингэж өдөр бүр тэмдэглэл хөтөлснөөр түргэн оношлуурын чанарын талаар дүгнэлт хийх боломжтой болж байна. Эцсийн хариуг PCR шинжилгээгээр гаргаж байгаа ч яаралтайгаар, баримжаа авах зорилгоор түргэн оношлуурыг ашигладаг. Яагаад гэвэл олон хүний шинжилгээг 15-20 минутад гарган баримжаа авчихаад цааш нь тусгаарлах эсэхээ шийднэ. Өөрөөр хэлбэл, шинж тэмдэггүй ч халдвартай тохиолдол гарч байгаа учраас эцсийн хариу болгохгүй ч баримжаа болгоход түргэн оношлуурыг бидний ажилд нэмэртэй байгаа юм.


-Дархан-Уул аймагт оношлогдсон иргэн ХӨСҮТ-д ирсэн үү. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал ямар байна вэ?

-Өчигдөр ирсэн. Биеийн байдал одоогоор тогтвортой байна. Батлагдсан 25 тохиолдол ХӨСҮТ-д эмчийн хяналтад байна. Эмчийнх нь танилцуулж байгаагаар сандаргасан өвчтөн алга. Эмчилгээний үр дүн гарч биеийн байдал сайжирч байгаа талаар мэдээлсэн. Компьютер томографийн аппаратаар уушгийг хянаж байна. Мөн бусад шинжилгээ хийж ямар өөрчлөлт гарч байна, эмчилгээ зохиж байна уу, үр дүнтэй байгаа эсэхэд өдөр бүр, цаг минут тутамд хяналт тавьж байна.


-Манай улсад шаардлагатай амьсгалын аппаратны хангамж хүрэлцээ ямар байгаа вэ?

-Итали, Америк шиг тархаагүй тохиолдолд халдвартай цөөн хүмүүсээ бид юугаар ч дутаахгүй ажиллаж чадна. Энгийн үед ч манай эмнэлэг аппарат, тоноглосон өрөөнүүдтэй байсан. Одоогоор, 25 хүнтэй байгаа ч гэсэн коронавируст халдвартай хүнийг хэвтүүлэх бэлтгэлийг өнгөрсөн гурван сарын хугацаанд хангалттай хийсэн. Засгийн газраас маш их тусламж үзүүлсэн. Мөн ДЭМБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас тусалсан. Одоогийн байдлаар манайд тоног төхөөрөмж болон хүний нөөц хүрэлцээтэй байна.


-Цаг агаар дулаарч гадуур хөл хөдөлгөөн ихсэх хандлагатай байна. Тиймээс иргэдэд та юу гэж зөвлөх вэ?

-Энэ бол маш эрсдэлтэй нөхцөл юм. Монголчууд амны хаалт маш сайн зүүсэн. Бусад оронд амны хаалт зүүхийг шаардаж шахаагүй учраас алдчихсан. Бид маш амжилттай хамгаалж байж дундаас нь уйдаад эсвэл тоохгүй байвал маш том алдаа болно. Тиймээс хэзээ ч анхаарлаа сулруулж болохгүй, бие биедээ хяналт тавих хэрэгтэй.


-Мөн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд, гараа сайтар угааж бээлий өмсөхийг зөвлөсөн?

-Бээлий өмсөх нь зөв. Энэ бол хамгийн сайн хамгаалалт болно. Гар бүх зүйлд хүрч байгаа учир тогтмол угаахыг зөвлөж байна. Гадуур гарахдаа нимгэн даавуун бээлий өмсөөд гэртээ очиж тайлаад ариутгалын бодисоор ариутгах хэрэгтэй. Мөн бээлийгээ угааж индүүдээд хэрэглэж болно.  Ихэнх хаалга, шатны бариулыг зэвэрдэггүй хайлшаар хийсэн байдаг нь нян, халдвар түгээх өндөр эрсдэлтэй гэдгийг иргэд онцгой анхаарч гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй.

Холбоотой мэдээ