“COVID-19”-өөр өвчилсөн 1.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд “COVID-19”-өөр өвчилсөн 1.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар, 1 сая 780 мянган хүн “COVID-19”-өөр өвчилснөөс 404 мянга нь эдгэсэн бол 108 мянган хүн нас баржээ. АНУ, Итали, Испани, Германд өвчин ихээр тархаж байгаа бол Азийн орнуудаас Япон Улсад өнгөрсөн 24 цагт 372 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Харин БНСУ-д 36, ОХУ-д 1667 хүн өвчилжээ. Олон улсын эрдэмтэн судлаачид өвчний оргил үе 4, 5 дугаар сард тохионо гэж дүгнээд буй юм. Тиймээс ОХУ шинээр барьж буй эмнэлгийг 900 ортой болгох, анагаахын оюутнуудыг шаардлагатай үед ажиллахад бэлэн байх, хөл хориог үргэлжлүүлэх зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна.