ДЭМБ-ын тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-09 12:11:11

ЖЕНЕВ. /Kyodo/. “Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ “Хятад төвтэй” үйл ажиллагааг харгалзан тус байгууллагын төсвийг санхүүжүүлэхээ түр хугацаагаар зогсоож магадгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус лхагва гарагт шүүмжилжээ.


“Энэ вирусийг бүү улс төржүүл. “COVID”-ийг улс төрийн нэр хүндээ нэмэгдүүлэхэд ашиглах шаардлага байхгүй" гэж Т.Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Гэсэн хэдий ч тэрбээр АНУ-ыг онцлон дурдаагүй байна.


Мөн ДЭМБ-ын тэргүүн Хятад улс халдварын тархалтыг хязгаарласан талаарх өөрийнх нь хэлсэн үг Бээжинг илэрхий дэмжсэн байсан гэдгийг няцаажээ. “Бид улс орон бүрийг хүндэтгэдэг. Бид улс орон бүртэй хамтран ажилладаг. Бид улс орон болгонд тулгарсан асуудлуудыг ойлгохыг хичээдэг. АНУ, БНХАУ энэ аюултай дайсантай хамтран тэмцэх хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.



Д.Трамп ДЭМБ-ыг мягмар гарагт шүүмжилсний дараа Т.Гебрейесус ийнхүү мэдэгдсэн байна. “ДЭМБ манай улсаас их хэмжээний санхүүжилт авдаг боловч тэд намайг зорчих хөдөлгөөний хориг тавих үед /Хятадын жуулчдын эсрэг/ шүүмжилж, санал нийлээгүй. Тэд буруу бодсон” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. Мөн тэрбээр ДЭМБ-ын санхүүжилтийг зогсоох эсэх асуудлыг судална гэж нэмж хэлсэн байна.


БНХАУ-ын Гадаад хэргийн яам лхагва гарагт ДЭМБ-ыг зөвтгөсөн мэдэгдэл хийсэн бөгөөд Т.Гебрейесусын удирдлага дор коронавирусний тархалттай тэмцэх чиглэлд гаргаж буй тус байгууллагын хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ.


ДЭМБ өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд “COVID-19”-ийг цар тахлын хэмжээнд хүрснийг олон нийтэд мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч зарим шүүмжлэгчийн үзэж буйгаар, үүнээс нэлээд хугацааны өмнө энэ хэмжээнд хүрсэн байжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр БНХАУ халдварын голомт болох Хубэй мужийн тархалтыг хязгаарлахаар тэмцэж байх үед ДЭМБ-ын тэргүүн тус улсад айлчилсан юм. 

Холбоотой мэдээ