ХСҮТ-ийн 4 байршилд автомашины орох гарах хаалгыг нэмнэ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-04-09 10:10:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д яаралтай эмнэлгийн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хүндрэлтэй байгаа учраас орц гарцыг нэмэх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар очиж тус төвд ажиллалаа.

Сүүлийн жилүүдэд хүн амын дунд хорт хавдраар өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсээр байгаа бөгөөд манай улсын хувьд жилдээ 6000 орчим иргэн  оношлуулж, 4000 гаруй иргэн нас барж байгаа тоон үзүүлэлт гарчээ. Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ХСҮТ-д өнөөгийн байдлаар өдөрт 1000 гаруй иргэн үйлчлүүлдэг бөгөөд ганцхан орц гарцтайн улмаас эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хүндрэлтэй, замын түгжирч цаг хугацаа алддаг талаар тус эмнэлгийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү тайлбарлалаа.

Тэрбээр хэлэхдээ, “ХСҮТ өндөр хүчин чадал бүхий цөмийн цацраг изотопын үүсгүүртэй туяа эмчилгээний аппаратууд ашигладаг. Улсын онцгой обьектын хувьд цацраг, гал түймэр болон бусад гамшиг тохиолдох үед орц гарцаас шалтгаалаад өндөр эрсдэл учирч болзошгүй байна. Автобусны буудалтай хэсэгт ганцхан орц гарц бий учраас иргэд түгжрэлд орж эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авч чадахгүй байна. Тиймээс эмнэлгийн үе үеийн удирдлагууд орц гарцыг нэмэгдүүлэх судалгааг 2017 оноос гаргаж, эрх бүхий байгууллагуудад хандсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэхийг хичээнгүйлэн хүсэж байна” хэмээгээд хотын Захирагч С.Амарсайханд албан бичгийг гардуулав.

Тус төвийн баруун талд орц гарц гаргах боломжтой боловч ойр хавийн оршин суугчид эсэргүүцдэг талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра хэллээ.

Хотын захирагч С.Амарсайхан удирдлагууд болон бусад албаныхантай эмнэлгийн орц гарцыг нэмж болохуйц байршлуудыг үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Автозамын хөгжлийн газарт өглөө.

Мөн эмнэлгийн баруун хойд талд байрлах хоёр хэсэгт аж ахуйн нэгжүүдтэй тохиролцож эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашин орж гарах орц гарцыг нээх үүргийг холбогдох албаныханд үүрэг болгов. ХСҮТ-ийн зүүн хэсэгт зөвшөөрөлгүй сэндвич барилга барьсан аж ахуйн нэгжийг 72 цагийн дотор газраа чөлөөлж, орц гарц нээх асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг хариуцан шийдвэрлэхийг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ийнхүү ХСҮТ-ийн 4 байршилд орц гарцыг нэмэх ажлыг яаралтай шийдвэрлэх үүргийг албаныханд өгөөд, шийдвэрлэсэн эсэх асуудлаар дахин мэдээлэхийг эмнэлгийн удирдлагуудад сануулсан юм.


Холбоотой мэдээ