Монгол Улсад цор ганц үзмэрийн нэг- Үзэмчин эхнэрийн иж бүрэн зүүтгэл бүхий дээл

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-04-08 17:34:54

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Музейд үзэмчин эхнэрийн иж бүрэн гоёл зүүтгэл бүхий дээлийг хадгалсан нь манай улсад цор ганц үзмэр юм. Үзэмчин ястнууд 20 дугаар зууны дунд үеийг хүртэл өнө эртнээс уламжлалтай хувцас зүүтгэлээ бүрэн бүтнээр нь өмсөж зүүж ирсэн түүхтэй. Үзэмчингүүд монгол үндэсний суурь хувцас чимэглэлийг гол болгон хэрэглэдэг боловч хэлбэр хийц маягаар, урлах арга барилын хувьд халх, буриад зэрэг угсаатны бүлгээс ялгаатай.

Үзэмчин охид 13, 14 нас хүртэл энгэр зах нь өргөн эмжээртэй монгол дээлээ өмсөж, үсээ 2 салаа сүлжиж, үзүүрт нь “эврийн амтай” гэх шүр, сувд, оюу хэлхсэн оосортой хар цацаг зүүж, хүзүүний гуу, бүсний бөөрөлж зэргээр гоёдог. Харин нас бие гүйцэж хадамд гарах үеэ дөхмөгц үсээ гэзэг болгон сүлжиж, тойв зүүж, энгэртэй дээл, шүрэн датуур, “арны амтай” гэх зүүтгэлээр гоёж хувцасладаг байна.

Хар үсийг хагалж, хатан сүйхийг нь зүүлгэн, хадмын газар хүргэгдэж галын бурханд нь мөргүүлэн ураг төрлийн ёслолыг үйлдсэнээр сүйт нөхрийн гэргий, шинэ айлын эзэгтэй, эхнэр хэмээгдэнэ. Үзэмчин охид айлын бэр болохдоо урд нь зүүж байсан шүрэн датуур, хүзүүний гуу дээрээ төрийн таван өмсгөлийг хэрэглэнэ. Тэр нь хатан сүйх, төрийн ууж, залаат малгай, үсээ хийж зүүх ширгүүл, хос мөнгөн бэл зэрэг юм.

Үзэмчин эхнэрийн уламжлалт дээл

Үзэмчин эхнэрүүд ямар ч цаг улиралд дээлнийхээ гадуур ууж өмсдөг учраас дээлээ ганц өнгийн хоргойгоор нарийвтар эмждэг ба ногоон ягаан, хүрэн, хул өнгийн бөсийг голдуу хэрэглэнэ. Эхнэрүүд улирлын байдалд тохируулан дан, давхар, хөвөнтэй тэрлэг, хурга, үзүүрсгэн зувчаа, өнгө нэхий зэрэг олон нэрийн дээл өмсдөг байна.

Харин гоёлд өмсдөг дээлийн ханцуйг алаг хийж залгаан дээр нь хоёр өнгийн хоргой тууз, солонго, нийшаа зэргээр эмждэг. Үзэмчин эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гээд бүх дээл босоо захтай, догол амьсгалтай энгэртэй, хоёр талдаа зайчтай /оноотой/ байдаг.

Хатан сүйх 

Сүйхийг гоёлын болон энгийн үед зүүх гэж 2 ялгах боловч хэлбэр загвар нь ижил байдаг. Гоёлын сүйх нь мөнгөөр хийж алтаар шарж, том шүрүүд шигтгэсэн ур хийц сайтай байдаг бол энгийн үед зүүх сүйхийг пойлоосоор хийдэг.

Сүйхний дээд хэсгийн гурвалжин нь өрх гэрийн галын дөл, чандмань эрдэнийг бэлгэддэг бол доод дөрвөлжин нь галын бурхны хатан суудлыг бэлгэддэг. Сүйхний дунд хэсэг нь өрх гэрийн багана тулгуур бат бөх холбоог, доод хэсэгт үр удмын залгамж үе мөнх оршиж, ертөнцийн хүрд адил үеийн үед үргэлжлэхийг бэлгэддэг байна. 

Сүйхийг даавуу холбоогоор толгойд өмсгөж доод хэсэгт нь 3-5 хэлхээ сагалдарга хэмээх шүр, оюу, номин гол, ундрам зэрэг эрдэнийн чулууг өнгө алаглуулан зүүдэг.

Төрийн ууж

Монголчууд айл өрхийг төрийн нэгж хэмээн үздэг байснаас гэрийн эзэгтэйн уужийг төрийн ууж гэж нэрлэдэг байв. Ууж нь эхнэр хүний дээлийн гадуур өмсөхөд зориулсан өмсгөл юм. Хар ба хөх өнгийн бөсөөр хийж хоргой, солонго, тууз, нийшаагаар эмжиж чимэглэсэн ханцуй захгүй ас энгэртэй дөрвөн салаа, хормойтой өмсгөл.

Уужны энгэр талын дээд хэсэгт хоргой чимэглэсэн алх хэмээх хатуулга байх буюу бүслэхээс дээд хэсэгт таван хос товч шилбэ хадаж, хоёр суганд нь бэл зүүх гогцоог бөхөлдөг. Уужны энгэр, мөр, ар оноог эмжихээс гадна суганы оноо хормойг битүү эмжиж гоёдог тохиолдол байжээ.

Шүрэн датуур

Шүрэн датуур хэмээх нь ард нь товчлоод толгойд өмсдөг тооровч хэлбэртэй хатуулгатай даавуунд торлож бэхэлсэн жижиг шүрэн гоёл юм. Датуурын дээд хэсэгт шүр, оюу шигтгэж утсан угалзаар чимсэн дугуй ба зүйвч хэлбэртэй харлагууд байдаг. Түүнээс дор нь шүрэн тор, магнайны гэнгэл, 2 шанаанд таарсан санчигны дарлага, түүнээс доош хэлхэж унжуулсан шүрэн цацаг буюу унжлага зэргээс бүрдэнэ.

Санчигны дарлага нь голдоо шигтгээтэй, тал сар хэлбэртэй, дороо цацаг уях гогцоотой мөнгөн чимэг юм. Гэнгэл цацаг хэмээх нь шүр, оюу, цагаан гол, хув зэргийг алаглаж хэлхсэн үзүүртээ мөнгөн хамаастай улаан ногоон түрүүвчийг хэлнэ.

Ширгүүл

Үзэмчин эхнэрүүд үсээ 2 салаалан сүлжээд түүдэглэн боодог ажээ. Түүдгээ ширгүүл хэмээх үсний уутад хийж доош унжуулан зүүдэг байна.

Ширгүүл нь уутлан оёсон хар хилэн даавууны дээд хэсэгт чоор гэдэг хатуулгатай хоолой оёж дээр нь гурван хос мөнгөн чимгээр бөгжилснийг чоорны хадлага гэдэг. Түүнээс доош хавтгай дэвсгэр дээр өлзий утсан хээ угалз сийлбэртэй 7 хадлага цувуулан хадаж тавагны хадлагаар төгсгөнө.

Хүзүүний гуу

Өнө эртнээс хүзүүндээ зэс гуулин гуутай бурхан зүүдэг уламжлал байжээ. Тэр нь аажмаар гоёл чимэглэлийн нэгэн төрөл болж зөвхөн бурхан шүтээний хэрэгсэл төдийгүй бүсгүйчүүдийн хүзүүний зүүтгэлийн үүргийг гүйцэтгэх болжээ.

Үзэмчин охид хүүхнүүд шүр шигтгээтэй, утсан хээ угалзаар битүү чимэглэсэн, мөнгөн гууг шүр, оюу, номин, цагаан гол, ундрам зэрэг эрдэнийн чулуу алаглуулан хэлхсэн хүзүүвч зүүдэг байна. Гуунд бурхан хийж зүүхээс гадна төрсөн газрын шороо, чулуу, тансаг үнэртэй өвс ургамал, нандигнан хадгалах дурсгалт зүйлийг хийж зүүдэг байжээ.

Хос мөнгөн бэл

Бэл нь эхнэр хүний уужны суганд хадсан гогцооноос зүүдэг голдуу мөнгө, пойлоосоор хийж урласан нарийн ур хийцтэй, билэгдлийн учир утгатай зүүтгэл юм. Бэл нь уужинд зүүх тээг, дээд хэсэгт нь хоёр загас, дунд нь ертөнцийн хүрдийг билэгдэн найман өнцөгтэй бэл, өнцөг тус бүрээс мөнгөн гүрмэлээр холбогдсон эргүүлэг, шахуурга, зүйвч, хямсаа, дурдан алчуурууд хөөрөгний сав зэргийг зүүдэг байна. Бэлийг 50 хүртэлх насны эхнэрүүд зүүх боловч хүндэтгэлийн арга хэмжээнээс бусад үед зүүдэггүй байв.  

Малгай

Шинэ буулгасан бэрд жалаат малгай гэгчийг өмсүүлэх бөгөөд тэр нь дугариг саравчтай, бөмбөгөр оройтой, сувдаар чимсэн зангидмал товчтой, ардаа хос бүчтэй, саравчны гадарыг хар хилэнгээр бүрж, хоёр алтан луу шаглаж оёсон байдаг. Жалаат малгайг залуу эхнэрүүд найр баярын гоёлд өмсөх буюу бусад үед духай малгай, дугираг малгай, бүслэх малгай зэргийг улиралын байдалд тааруулан өмсдөг байжээ. Малгайг дулаан улиралд халиу, булга, өвөл хурга, үнэгний арьсаар гадарлаж оройг улаан торгоор бүрж тууш хаваас, 8 хошуутай тав урлаж оройд нь улаан бүсээр зангидмал товч хадаж торгон утсан урт сампин зүүнэ.

Үзэмчин эмэгтэйчүүдийн  ээмэг, бөгж, бугуйвч нь цулгуй, хэвэнд цохисон, цавьчаар хээ урласан байдаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хар булигаар гутал голдуу өмсдөг бөгөөд тэр нь ул, зулаг, түрий гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдсэн гурван ногоон сарьстай, дотроо гар хийцийн хараатай оймстой байжээ. 

Холбоотой мэдээ