Нью-Йоркт “COVID-19”-ийн улмаас нэг өдөрт хамгийн олон хүн нас барлаа

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-04-08 11:18:10

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Нью-Йорк муж улсад мягмар гарагт “COVID-19” халдварын улмаас нэг өдөрт хамгийн олон буюу 731 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 5489-т хүрч, халдвар авсан хүний тоо 138836 болжээ.


Райкерс арлын шоронд халдвар авсан хоригдол нас барсантай холбоотойгоор эрсдэлтэй хүмүүсийн төлөө хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийнхээ улмаас холбогдох албаны төлөөлөгчид асуудалд ороход хүрсэн байна.


Зөрчлийн хэрэгт холбогдсон 53 настай Майкл Тайсон шүүх хурлаа хүлээж байх хугацаандаа нас баржээ. Даваа гаргийн байдлаар Нью-Йорк хотын шоронгуудад 286 хоригдол, 331 ажилтан халдвар авчээ.


Нью-Йорк муж улс нь халдварын тохиолдол, нас баралтын тоогоор АНУ-д нэгдүгээр бичигдэж байгаа юм. Мөн Нью-Йорк хотын шоронгууд нь халдвар хамгийн их тархсан засан хүмүүжүүлэх газруудад тооцогдох болсон байна.


Нью-Йорк муж улсын захирагч юу гэж мэдэгдэв?

Энэ долоо хоногийн даваагаас мягмар гаргийн хоорондох 24 цагийн хугацаанд халдварын улмаас хамгийн олон хүн нас барлаа гэж АНУ-д тархсан “COVID-19”-ийн голомт болох Нью-Йорк муж улсын захирагч Эндрью Куомо мэдээлжээ. Тус муж улсад сүүлийн хоёр хоногийн хугацаанд нас баралтын тоо буураад байсан юм.


Гэсэн хэдий ч гурван өдрийн дунджаас үзэхэд халдварын тохиолдлын тоо буурсан гэж Э.Куомо мэдэгдсэн боловч Нью-Йоркчууд зайнаас харилцах, гэртээ байх зэрэг дүрмийг үргэлжлүүлэн баримтлах шаардлагатай гэж хэлсэн байна. Мөн тэрбээр Улаан өндөгний баяраар олноор цуглахаас зайлсхийхийг оршин суугчдаасаа хүсжээ.


Нью-Йоркийн шоронгуудад юу болж байна вэ?

Э.Куомо одоогийн байдлаар 1100 хоригдлыг суллахыг үүрэг болгожээ. Түүний туслах мягмар гарагт сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ "Нью-Йорк хотын шоронгуудад халдвар тархсантай холбоотой нөхцөл байдалд үнэлгээ хийж байна” гэж мэдэгджээ.


Нью-Йорк хотын Бронкс дүүргийн оршин суугч М.Тайсон тус хотын хамгийн том шоронгуудын нэг болох Райкерс арлын шоронд “COVID-19” халдварын улмаас нас барсан анхны хоригдол болжээ.


М.Тайсоныг нас барсны дараа “Legal Aid” нийгэмлэг халдварт эмзэг хүмүүсийг суллаж чадсангүй хэмээн Э.Куомог буруушаасан мэдэгдэл гаргажээ. Уг байгууллагаас өнгөрсөн долоо хоногт мэдүүлсэн заргад суллах шаардлагатай 100 хоригдлыг нэрлэсэн бөгөөд үүнд М.Тайсон багтсан байсан аж. Түүний нас болон эрүүл мэндийн тодорхойгүй байдлыг харгалзан “өндөр эрсдэлтэй” хэмээн үзсэн байна.

Холбоотой мэдээ