Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ээлжит мэдээллээ сонордуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-07 13:04:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад шууд хариулж байгаа юм.


Тэрбээр: "Дэлхийн 40 гаруй улс оронтой Улаанбаатар хот ах дүүсийн харилцаатай ажилладаг. Энэ хотуудтай “Covid-19”-өөс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож байгаа.


Өнөөгийн байдлаар Нью-Йорк хотод өвчлөгчдийн тоо хоёр дахин нэмэгдэж байгаа нь иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Иймд амны хаалт байнга зүүж, хувийн ариун цэврээ сайтар хангахыг уриалж байна. Иргэдийг тоо баримтаар айлгаж, сэтгэл санаагаар зовоохоос илүүтэйгээр бодит мэдээллийг өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хурдан шуурхай авч ажиллах хэрэгтэй" гэв.


Өнөөдрийн байдлаар Испани улсын Мадрид хотод 37 мянга гаруй иргэн өвчилж хөл хориогоо сунгасан бол БНСУ-ын Сөүл хотод халдвараар өвчлөгсөд эдгэрсэн ч дахин өвчилж байгаа мэдээлэлтэй байгаа аж. Харин ОХУ-д өвчлөлийн тархалт нэмэгдсэн, нас барсан иргэдийн тоо өндөр үзүүлэлтэй гарчээ. Монгол Улсын хувьд эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг дагаж, иргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангах нь нэн чухал байгаа юм.


Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “COVID-19”-ийн улмаас иргэн аж ахуй нэгжийн орлого тасарч эдийн засаг хүндэрсэн байхад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй инженерийн байгууламж хариуцсан аж ахуйн нэгжүүдэд тог цахилгааныг тасалж, төлбөр тооцоо нэхэж иргэдэд дарамт шахалт үзүүлэхгүй байхыг уриалав.



Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хороолол орчимд барьж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай ашиглалтад оруулна. Тус эмнэлгийн хувьд одоогийн байдлаар барилгын явц нь 95 хувьтай байгаа. Холбогдох яамдтай хамтран ойрын хугацаанд ашиглалтад оруулна гэж хотын дарга сонордууллаа.


Тэрбээр хаврын улирал эхэлж хуурайшилттай байгаа энэ үед иргэд ууланд гарч агаар салхинд зугаалахдаа гал алдсан цөөнгүй тохиолдол гарсан гэдгийг онцолж, ард иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулав.


Нийслэлд 2019 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл  Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, Таван толгой түлш ХХК-д үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний түгээлт борлуулалт, угаарын хийнээс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажилласан бөгөөд үргэлжлүүлэн “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх хүрээнд бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдалд  илүү цагаар үр дүнтэй  ажилласан нийт 43 байгууллагын 2098 албан хаагчид 855,9 сая төгрөгийн урамшууллыг нийслэлээс олгосон аж.


Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа 4 дүгээр сарын 1-ний өдөр дууссантай холбоотой цаашид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих, сайжруулсан шахмал түлшний  борлуулалт, нийлүүлэлтийн асуудлыг дүүргүүдийн Засаг дарга нар бүрэн хариуцан ажиллах аж.


Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийт 135 мянган угаар мэдрэгчийг гэр хорооллын айл өрхүүдэд тараасан. Дараагийн ээлжийн 65 мянган угаар мэдрэгчийг ирэх долоо хоногт хүлээн авч айл өрхүүдэд тарааж дуусах юм. Түүнчлэн 5 дугаар сараас эхлэн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүргийг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгажээ.

Холбоотой мэдээ