Япон Улс 235 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-07 10:14:55
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн улс орнууд цар тахлын хүнд сорилтыг хамтдаа даван туулах зорилтын хүрээнд манай улсад сэтгэл санааны болон шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлсийн дэмжлэг туслалцаа үзүүлж байна.


Япон Улсын Засгийн газар “COVID19” халдвартай тэмцэх хүрээнд манай улсад Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар 235 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо өчигдөр ГХЯ-нд мэдэгджээ.


Түүнчлэн, БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас манай улсад 250 мянган ам.доллар бүхий коронавирусний шинжилгээний оношлуур хандивлах болсныг тус улсаас манай улсад суугаа ЭСЯ-наас ГХЯ-нд мэдэгдээд байгаа бол, өнгөрсөн долоо хоногт Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс 2000 оношлуурыг Улсын Онцгой комисст хандивласан.


Бүгд Найрамдах Сингапур Улсын “Темасек” олон улсын сангаас тус улсад үйлдвэрлэсэн Fortitude 2.0 нэртэй СOVID-19 коронавирусний 3000 ширхэг оношлуурыг энэ сарын 4-нд Монгол Улсад хандивласан. Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг Сингапурын зарим бизнес эрхлэгчид дээрх оношлуурыг нэмж худалдан авахад зориулж 30 000 сингапур долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна.


Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Ерөнхий өргөмжит консул Чандра Гозали манай улсад Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар 20000 ширхэг амны хаалтыг өнгөрсөн сард хандивласан юм.

Холбоотой мэдээ