Номадсынхан “Баатрууддаа баярлалаа” талархлын аян эхлүүлжээ

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-04-06 11:42:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Номадсын сүлжээ ресторануудын залуучууд санаачлан  “Баатрууддаа баярлалаа” талархлын аян эхлүүллээ.


Өдөр бүр цаг мөч бүхэнд зөвхөн ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө цаг завгүй, сэтгэл зүрхээрээ ажиллаж буй хүмүүс бол “COVID-19”-тэй тэмцэн халуун голомт дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, онцгой байдлынхан, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчид билээ.  Тэд бол энэ цаг үеийн ард, иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсож буй эгэл баатрууд юм.


Номадсын залуус том биш ч гэсэн хайр, талархал шингэсэн аяга халуун кофе, цайгаар эрхэм баатруудаа 1 сарын турш үнэгүй дайлахаар Энхтайваны гүүрний ойролцоох “Doubleshot Coffee & Cocktail”-ын гадна талбайд явуулын “Кофе Шоп” нээжээ.


“Эгэл баатрууд та бүхэн 1 аяга кофе, эсвэл цай ууж хэсэгхэн зуур ч гэсэн амрангаа бидний бэлтгэсэн өчүүхэн зүйлээс эрч хүч, талархал, бахдлыг мэдрээсэй гэж хүсэж байна”  хэмээн Номадсын залуус уриалж байна.


“Баатрууддаа баярлалаа” аяны хүрээнд, зорин ирсэн хүмүүсийг мэргэжлийн үнэмлэхийг нь шалган аяга халуун кофе, цайгаар үнэгүй үйлчлэх бөгөөд ажлын өдрүүдэд өглөөний 8 цагаас оройн 22 цаг, амралтын өдрүүдэд 10-20 цагийн хооронд ажиллах юм байна. 

Холбоотой мэдээ