Нийслэлийн 14 сургууль, цэцэрлэгийг 100 хувь хийн халаалттай болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-04 22:10:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны хурлаар нийслэлд шинээр барих сургууль, цэцэрлэгүүдийн халаалтыг 100 хувь хийн халаалттай болгохоор шийдвэрлэв.


Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020-2021 онуудад шинээр ашиглалтад орох 14 сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч байгууллагуудын удирдлагуудтай уулзаж НЗД-ын 2019 оны А/1377 захирамж, нам даралтын халаалтын зуухны техникийн шийдлийг хийн халаалтаар шийдвэрлэх талаар танилцуулж, гүйцэтгэгч байгууллагуудад ажлын төлөвлөгөө боловсруулах үүргийг өгсөн байна. Үүнд шаардагдах зураг төсвийг Газком ХХК-ийн зураг төслийн хэлтэс хариуцан гүйцэтгэх юм.


Энэ асуудлыг хөндсөн хуралд Газком ХХК-ын удирдлага, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн боловсролын газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын холбогдох асуудал хариуцсан албан тушаалтнууд оролцжээ. Цаашдаа долоо хоног нэг удаа 16 цагт хуралдаж хийсэн ажлын явц болон тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж байхаар тогтсон байна.

Холбоотой мэдээ