Төрийн ордонд мэдээ, сурвалжилга бэлтгэх журам баталжээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-03 18:11:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг ирэх долоо хоногт цахимаар зохион байгуулна. Энэ үеэр Төрийн ордонд сэтгүүлчид ажиллаж, мэдээ, сурвалжилга бэлтгэх харилцааг зохицуулах журам баталсныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга С.Батбаатар өнөөдөр мэдээлэв. 


Тодруулбал, УИХ-ын Тамгын газар хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын хугацаанд сэтгүүлчид ажиллах түр цэгийг Төрийн ордны хоёрдугаар давхрын фойенд байгуулжээ. УИХ-ын чуулган, байнгын, дэд, түр хорооны хуралдаанаар хэлэлцсэн болон хэлэлцэх асуудал, гаргасан шийдвэрийн талаар тухай бүрд нь түр цэгт хэвлэлийн хурал зохион байгуулна. УИХ-ын дэд дарга, гишүүд, Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл, ярилцлага өгөхдөө зөвхөн энэ цэгийг ашиглахаар зохицуулжээ.


Хэрэв УИХ-ын гишүүд хэвлэл мэдээллийн байгууллагад албан өрөөндөө ярилцлага өгөх бол Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн удирдлагад урьдчилан мэдэгдэж зохих бэлтгэл хангуулах шаардлагатай юм байна.


Мөн зайлшгүй шаардлагаар сэтгүүлчдийг заасан цэгээс бусад байршилд нэвтрүүлэх тохиолдолд үйл явдлын цаг хугацаа, оролцох сэтгүүлчдийн тоог урьдчилан товлож зохион байгуулах аж. Хуралдааны танхимуудад цахимаар явуулах чуулганы нэгдсэн болон байнгын, дэд, түр хорооны  хуралдааны явцыг Төрийн ордны нэгдүгээр давхрын сэтгүүлчдэд зориулсан өрөө болон хоёрдугаар давхрын фойенд нэмэлт төхөөрөмж байршуулах зэргээр шууд дамжуулах аж. 


Хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын үед хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Төрийн ордонд ажиллах боломжийг хангах арга хэмжээг Тамгын газар авч хэрэгжүүлэхээр тусгажээ.


Түүнчлэн хэвлэлийн хуралд оролцох, мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжилга авахдаа хязгаарлалтын дэглэм, тусгайлан тогтоосон бүсийн дүрмийг баримталж ажиллахыг хүсээд, журмын хүрээнд хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хэвийн ажиллах боломжоор хангана гэдгээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга илэрхийллээ.


Харин Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа мэдээлэлдээ, УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдааныг цахимаар хэвийн явуулах техникийн бэлтгэлийг бүрэн хангаад байна. Хуралдааныг цахимаар явуулахтай холбогдуулан шаардлагатай программ хангамжийг боловсруулж, техникийн бэлэн байдлыг бүрэн хангасан гэдгийг  дурдлаа.


УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, УИХ нь УОК болон ДЭМБ-аас өгч буй зөвлөмжийн хүрээнд зохицуулалт хийж байгааг тэмдэглэв. Ирэх даваа гарагт 12.00 цагаас УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулахаар бэлтгэл хангасныг танилцууллаа. Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдах юм байна.


УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн энэ сарын 1-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэж эхэлнэ. Энэ дэгийг хэлэлцсэнээр чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. 



Холбоотой мэдээ