Б.Үржинханд:Хүүхдийг наад захын хэрэглээний эд зүйлээр нь гачигдуулсан бол зөрчил гэж үздэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-03 17:33:44

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Үржинхандтай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.  


-Өдрийн мэнд хүргэе. Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас цагдаагийн алба хаагчид маань өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэж байгаа. Өөрийн тань тухайд бас онцлог. Хүүхэд хэмээх эрхэм иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа хүн. Эндээс яриагаа эхлэх үү?

-Та бүхний амрыг эрье. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас өнөөдөр улс оронд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гэмт хэрэг зөрчил, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлаар тодорхой ажил арга хэмжээнүүдийг тухай бүрт нь зохион байгуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал зорчих хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлан ажиглах байрны хамгаалалт, хэв журмын нөхцөл байдал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гээд олон чиглэлээр хуулийн хүрээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Мөн энэ цаг үетэй холбогдуулан сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон байгаа. Гэсэн ч зарим залуу гэр бүлүүд, эцэг эхчүүдийн хувьд асуудал гаргасаар. Гэртээ хүүхдээ харах хүнгүй орхих, эзэнгүй цоожлох зэрэг хүүхдийн эрхийг зөрчих асуудал бүртгэгдэж, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирж байна. Энэ асуудал дээр урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн  газартай хамтраад хамтарсан эргүүлүүдийг тодорхой өдөр, цагуудад явуулж байгаа. Мөн анги удирдсан багш нарыг, эцэг эхчүүдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр нэлээд ажил зохион байгуулж байна.

-Энэ цаг үетэй уялдуулаад Цагдаагийн байгууллагаас “Хайр өвтгөдөггүй” аяныг зохион байгуулж байна. Энэ ажилд танай зүгээс хэрхэн оролцож байна?

-Цагдаагийн Ерөнхий газраас Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтраад “Хайр өвтгөдөггүй” арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ маань томоохон нөлөөллийн ажил. Энд “Зөв тусгал”, “Гэр бүл аюулгүй орчин”  гэх мэт нөлөөллийн ажлуудыг хийсэн. Бид цахим хэлбэрээр нөлөөллийн арга хэмжээг авч явуулж байгаа. Жишээ нь манай байгууллагаас хайр өвтгөдөггүй сэдэвт жижиг подкастуудыг цувралаар бэлтгэж, фэйсбүүк, сайтуудаар цацаж, ерөнхий газраас түгээж байгаа мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна. 

-Ер нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүүхэдтэй хамааралтай зөрчлийн гэмт хэрэг хэр гарч байна. Чухам ямар зүйлүүдийг зөрчлийн гэмт хэрэгт тооцон үзэж, зөрчил байна гэж үзэх вэ?

-Ерөнхийдөө хүүхдийн эрх зөрчигдөж байгаа зөрчлүүд Монгол Улсын зөрчлийн тухай хууль, эрүүгийн хуулинд бие даасан гэмт хэрэг, бие даасан зөрчил болон тусгагдчихсан байдаг. Манай аймгийн тухайд хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2020 он гараад эхний 3 сарын байдлаар дөрөв бүртгэгдсэн. Үүнийг хүүхдийн эрх зөрчигдсөн байна гэж үзсэн учраас цагдаагийн газраас 300 нэгж буюу 300 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байгаа. Зөрчлийн тухай хуулийн 6.2-т зааснаар хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд зөрчил гаргасан иргэнийг торгохоор заасан байдаг. Жишээ татвал, хүүхдийн дэргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн биед халдах юм бол зөрчил гэж үзнэ. Мөн хуульд зааснаар Монгол Улсын хүүхэд хамгааллын болон хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар эцэг, эх байх үүргээ биелүүлж чадаагүй байх юм бол зөрчил гэж үздэг. Энд бүр нарийвлаад ярих юм бол хүүхдийг наад захын хэрэглээний эд зүйлээр нь гачигдуулсан зэрэг зөрчлүүд үйлдсэн бол зөрчил гэж үздэг.

-Сэлэнгэ аймгийн хувьд гэр бүлийн болоод ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байгаа юу. Тодруулбал хохирогч болсон хүүхдүүд?

-Ерөнхийдөө он гарсаар эхний 3 сарын байдлаар гэмт хэргийн улмаас нийтдээ 19 хүүхэд хохирол амссан байгаа. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хохирогч болсон мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ маань яг тийм гэмт хэрэг гэдгийг бид дур мэдэн мэдээлэх эрх байдаггүй. Гэхдээ ер нь аймгийн хэмжээнд эхний саруудад 19 хүүхэд хохирч байна гэдэг маань эцэг, эхчүүдийн хараа хяналт сул байгааг илчилж байгаа юм. Өнөөдрийн нөхцөл байдалтай уялдаад үзэхэд хүүхдүүд, эцэг эхчүүд хорио цээрийн дэглэмийг баримтлахгүй, олон нийтийн газраар хүүхдээ дагуулаад явах зөрчлүүд нэлээд гарч байна. Мөн багш сурган хүмүүжүүлэгчид, төрийн албан хаагчид эргүүлд явж байхад таарах, шаардлага тавихад үл биелүүлэх ч гэдэг юм уу сөрөг үзэгдлүүд гарч байгаа. Үүнтэй цагдаагийн алба хаагчид хамт яваад мэдэгдээд, аймаг, сумын Засаг даргын захирамжийг танилцуулаад иргэдийн ухамсрыг дээшлүүлэх чиглэлд нөлөөллийн арга хэмжээг авч явуулсны үндсэн дээр сүүлийн өдрүүдэд энэ талын зөрчлүүд багасаж байгаа.

-Өөрийн тань зүгээс цаг үетэй холбогдуулан зөвлөж хэлэх ямар нэгэн зүйл байна уу?

-Хүмүүс бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг нь цоожлох явдал гарсаар байгаа. Хөршийн айлд бага насны хүүхэд удаан хугацаагаар уйлаад байна гэх дуудлага цагдаагийн байгууллага, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар дээр ирж байна. Үүний дагуу холбогдох мэргэжилтнүүд хамтраад очоод шалгахаар хүүхдээ харгалзах хүнгүй цоожлоод явсан тохиолдол гарч байна. Хэд хэдэн удаа ийм зөрчил бүртгэгдсэн. Энэ тохиолдолд эцэг эхийг нь дуудаад сануулга өгч байгаа. Мөн энэ үйлдэл тань хүүхдийн эрхийг зөрчсөн хэмээн үзнэ гэдгийг тайлбарлан хэлээд, дахин ийм хэрэг зөрчил гаргахгүй гэсэн баталгаа авч ажиллаж байна. Өдөржин дүүгээ харж өнжсөн хүүхэд, эцэг эхчүүдээ ирэнгүүт хэсэг хугацаанд гараад явахдаа найзуудтайгаа уулзах, гадуур явах, үдшийн цагаар өсвөр насны хүүхдийн хөл хөдөлгөөн нэмэгдэх байдал гарч байна. Ингэхээр гудамж талбайд хоорондоо муудалцах, бие биенийхээ эрх чөлөөнд, биед нь халдах, буруу зүйлд уруу татагдах гэх мэт сөрөг үйлдэл, эрсдэл нэмэгддэг. Иймээс эцэг эхчүүд орой үдшийн цагаар өсвөр насны хүүхэддээ, мөн бага насны хүүхэддээ тавих хяналтаа сайжруулах шаардлагатай байна.   

Холбоотой мэдээ