Янгир ямаанд өвс, хужир тавьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-03 15:01:42

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Алдархаан сумын ЗДТГ, аймгийн БОАЖГ, "Яагд Энд Тур" ХХК-тай хамтран гуравдугаар сарын 17-ны өдөр тус сумын Богдын гол багийн нутаг Их ямаан ус, Бага ямаан ус зэрэг газарт био техникийн арга хэмжээ авчээ.

Энэ үеэр янгир ямааны бэлчээрт 15 пресс өвс, зургаан уут хужрыг тавьсан байна. Улсын онцгой комиссын дүгнэлтээр тус сум “цагаан зудтай” байгаа бөгөөд 2019 онд зуншлага муу, удаа дараа цас их орсон учраас зэрлэг ан амьтад өвсгүйн улмаас турж эцэж байгаа аж. Тиймээс нутгийн иргэд зэрлэг ан амьтдад өвс тэжээл тавьж өгөх хүсэлтийг сумын ЗДТГ-т хүргүүлжээ. Тус ажлыг Алдархаан сумын эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг дарга, сумын Засаг даргатай байгуулсан гэрээ, Ямаат агнуурын бүс нутгийн байгаль орчны менежмент төлөвлөгөөний дагуу тус ажлыг зохион байгуулсан байна. Био техникийн арга хэмжээ авах үед цас ихтэй байснаас туулах чадвар сайтай Мазда маркийн ачааны автомашинаар өвс, хужраа тээвэрлэн хүргэсэн байна.

–“Биднийг өвс, хужир тавьж өгөхөөр очиход 20 гаруй янгир уулын бэлд ирсэн байсан. Зэрлэг амьтад идэш тэжээлгүй болохоороо уулын бэл рүүгээ өөрийн эрхгүй бууж байгаа нь илт байсан. Биотехникийн арга хэмжээ авсан газруудад 30-40 см зузаан цастай байна. Хэдийгээр энэ өвөл дулаахан байсан ч үе үе цас их хэмжээгээр орж шуурч байгаа нь хаваржилт хүндэрч эхлэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Хэрвээ цаг агаар дулаарахгүй энэ хэвээрээ байдал удаан үргэлжилбэл цастай сумдад мал аж ахуйн хаваржилт төдийгүй, зэрлэг ан амьтад зутарч мэдэхээр байна. 

Бид туулах чадвар сайтай машинтай явсан боловч зарим газарт машинаа түрэх, цас ухах зэрэг бэрхшээл ч тохиолдож байв. Янгир ямааны бэлчээрт хүрэхэд машин явах боломжгүй болсон тул цааш 300-500 орчим метр газарт өвс, хужраа үүрч янгир ямааны хэвтэр болон идээшилдэг энгэр нүүр, хадны завсар хужир, өвсөө тавьж өгсөн. Янгирын хэвтэрт нь өвс хужраа тавьж өгдөг нь салхинд хийсэхгүй, борооны ус болон шар усны үерт урсаад явчихгүй байх зорилготой юм” хэмээн Алдархаан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Батчулуун мэдээлэв. 

Холбоотой мэдээ