АНУ-ын занарын тосны олборлолтын хамгийн том компани дампуурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-02 10:26:56

НЬЮ-ЙОРК. /TASS/. Занарын тосны олборлолтын чиглэлээр мэргэшсэн Америкийн хамгийн том компани “Whiting Petroleum” дампуурлаа зарлажээ. Компани санхүүгийн бүтцийн өөрчлөлтийн үйл явцыг эхлүүлнэ гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“Компани 585 сая гаруй ам.долларын үлдэгдэлтэй байгаа бөгөөд үйл ажиллагаагаа нийлүүлэгч болон түншийн оролцоогүйгээр хэвийн явуулах болно. Компанийн өрийн хэмжээ 2.2 тэрбум орчим ам.долларт хүрсэн" хэмээн мэдэгдэлд дурджээ. 


Саудын Араб, ОХУ хоорондын маргаанаас үүдэлтэй тодорхойгүй байдлын улмаас болон дэлхий дахинд коронавирус тархаж байгаатай холбоотойгоор газрын тос, байгалийн хийн үнэ нэлээд буурсныг компанийн төлөөлөгчид цохон тэмдэглэжээ. Дампуурлаа зарласны дараа “Whiting Petroleum” компанийн хувьцаа 45 орчим хувиар унаж, нэгж хувьцаа нь 0.39 ам.долларт хүрсэн байна.


Энэ салбарт үйл ажиллагаа  явуулдаг АНУ-ын өөр олон компани их хэмжээний өртэй байгааг “The Wall Street Journal” сонин онцолжээ. Газрын тосны олборлолтыг бууруулах талаар ОХУ, Саудын Араб тохиролцоонд хүрч чадаагүй юм. Үүний дараа нефтийн үнэ огцом унажээ. Энэ сард улс орнууд газрын тосны олборлолтоо эрчимтэй нэмэгдүүлэхийг зорьж байна. 

Холбоотой мэдээ