Говь-Алтай аймагт он гарсаар 2043 удаагийн газар хөдлөлт болжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-01 09:10:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт он гарсаар эхний гурван сарын байдлаар 2043 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд магнитуд нь 3.5 ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 11 удаа болсон тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгийн "Алтай" салбараас мэдээлэв.


3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт хоёрдугаар сард Эрдэнэ, Жаргалан суманд, гуравдугаар сард Тонхил, Бигэр суманд бүртгэгдсэн байна. Хамгийн хүчтэй нь гуравдугаар сарын 20-нд Тонхил суманд 5,8 магнитутын хүчтэй байсан байна. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл Говь-Алтай аймаг төдийгүй Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн зарим суманд мэдрэгджээ.

Түүнчлэн тус аймагт нийт 660 барилга байгууламж байгаагийн 45 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй тухай Онцгой байдлын газраас танилцуулсан юм. Иймд байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл болох газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, эрсдэлийн үнэлгээ хийх, хүн амыг сургаж бэлтгэх, дадлагажуулах, дэд бүтцээ бэхжүүлэх, хариу арга хэмжээг шурхай авч хэрэгжүүлэх, бараа материалын нөөц бүрдүүлэх шаардлагатайг ч тус газраас онцлон мэдээлэв.


Холбоотой мэдээ