Төлбөр тооцооны шинэ горим маргаашнаас нэвтэрнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-03-30 16:53:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн зах зээлд Үнэт цаасны дараа төлбөр тооцооны Т+2 горим буюу төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчмыг 3 дугаар сарын 31-нээс хэрэгжүүлнэ. 

Энэ нь хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигч нар арилжаанд оролцохдоо эрсдэлийн түвшингээсээ хамаарч 100 хувь мөнгөн хөрөнгө байршуулалгүй тодорхой хувийг нь урьдчилан байршуулж захиалга өгөх, шинээр нэвтэрч буй төлбөр тооцооны горим юм.

Арилжаанд оролцох хөрөнгийг урьдчилан байршуулж захиалахдаа 2 хоногт үлдсэн мөнгөө байршуулж, төлбөр тооцоог гүйцэтгэх боломжтой болох юм. Ингэхдээ “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн гишүүнчлэлд хамрагдсан клирингийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан арилжаанд оролцоно. Ингэснээр төлбөр тооцоог гүйцэтгэх боломжтой юм. 

“Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн гишүүнчлэлд хамрагдаагүй үнэт цаасны компаниудаар дамжуулан арилжаанд оролцох хөрөнгө оруулагчдын хувьд одоогийн төлбөрийн нөхцөлөөр буюу урьдчилан эх үүсвэрийг байршуулснаар арилжаанд хэвийн оролцох бөгөөд харин үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог Т+2 горимын дагуу 2 хоногийн дараа гүйцэтгэнэ.


Шинэ зарчим нэвтэрснээр хөрөнгийн зах зээлд оролцогчдын арилжааны шимтгэл, зардал буурч, зах зээлийн хөрвөх чадвар сайжрах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцоход таатай нөхцөл бүрдэх зэрэг эерэг нөлөөтэй юм. Олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг төлөвшүүлэх, төлбөр тооцооны системийн үйл ажиллагааг боловсронгуй болгоход дээрх горимын шинэчлэлт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж СЗХ мэдээллээ.


Холбоотой мэдээ