Н.Бархас: Донор малыг гадаадаас оруулж ирэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-03-30 16:14:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Олон жил яригдсан “Малын удмын сангийн үндэсний төв”-ийг ашиглалтад оруулах ажил 2018 онд биелэлээ олсон. 22.3 га талбайг хамарсан тус цогцолборын нийт төсөвт өртөг 17 тэрбум төгрөг байсан. 2014-2015 онд хийгдэх ёстой байсан ч санхүүжилт ороогүйн улмаас барилгын ажил зогссонги байдалд 2 жил болсон. Харин үндэсний хэмжээний төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах талаар УИХ-ын гишүүд холбогдох яам, газрын удирдлагуудтай уулзаж барилгын ажлын зогсонги байдал юунаас болсон, цаашид эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг тогтоосон байна. Үүний үр дүнд 2017, 2018 онд улсын төсөвт шаардлагатай санхүүжилтийг суулгаснаар 2018-07-03-ны өдөр ашиглалтад орж нээлтээ хийсэн билээ. Ингэснээр нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын генийг сайжруулахад хийсэн томоохон хөрөнгө оруулалт болсон.

Үйл ажиллагаагаа эхлээд 2 жил орчим болж буй тус төвийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд батлагдсан үйлдэр омгийн малаас үр авч ашиглаж хадгалж байна. Тулгамдаж буй асуудал олон байгаа ч дотоод нөөц боломжоороо ажиллаж байна. Монгол Улсын эдийн засгийн чадавхиас шалтгаалаад нийт барилгын 50 хувьд хөрөнгө оруулалт хийж ашиглалтад оруулсан. Тус төвийг бүрэн хэмжээнд ашиглалтад оруулж үйл ажиллагааг өргөжүүлэх, малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг сайжруулах, дэлхийн жишигт нийцсэн технологиор өргөн цар хүрээтэй ажиллуулах шаардлага байгааг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр онцолсон. Цаашид үүнийг бий болгоход УИХ-ын гишүүд, харьяа яам, аймаг орон нутгийнхан хамтарч ажиллах ёстойг ч дурдсан билээ.

Одоогоор донор малыг бий болгох ажил нь тулгамдаж буй асуудлын эн тэргүүнд тавигдаж байгаа талаар “Малын удмын сангийн үндэсний төв”-ийн үйлдвэр технологийн албаны дарга Н.Бархас мэдээлэв.

 Донор малыг бий болгохын тулд гадаадын улс орнуудаас өндөр ашиг шимтэй эцэг малыг оруулж ирэх, үрийг цогцолбор дээрээ үйлдвэрлэж биотехнологийн аргаар богино хугацаанд малын чанар, үйлдэрлэг байдлыг сайжруулах боломжтой юм. Донор мал бий болгох шалтгаан нь монгол малын бие давжаарах, чанаргүй мал өссөнөөс үүдэн бэлчээрийн хомсдол үүссэн, малын өвчин их гарч байгаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн тухайд тулгамдсан асуудлаа цаасан дээр буулгаж, тодорхой нэн шаардлагатай хийх ажлын дарааллыг гаргах, донор малыг аль улсаас авах болон барилга байгууламжийн талаарх асуудлаа илгээхийг хүссэн. Нэг дор шийдэх боломжгүй ч цаг хугацааны хувьд ямар ажлыг эн тэргүүнд хийхийг холбогдох яам, орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүдтэй хэлэлцэж шийдвэрлэнэ гэлээ.

Холбоотой мэдээ