Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-28 14:32:09

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээжээ. Коронавирусний цар тахал дэгдсэний улмаас хотын метрог хоёр сар гаруйн хугацаанд зогсоогоод байсан юм. Энэ тухай "Жэньминь Жибао" сонин мэдээлсэн байна.


Коронавирусний халдварт өвчин дэгдсэнтэй холбоотойгоор 1 дүгээр сарын 23-наас Ухань хотод тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож, хотод ерөнхийдөө хорио цээрийн дэглэм үйлчилж байсан юм. Хотын нийтийн тээврийн хөдөлгөөнийг мөн түр хугацаагаар зогсоосон юм.


Одоогийн байдлаар, зорчигчдод зориулж 200 орчим халуун хэмжигчийг суурилуулсан 184 станцийн үйл ажиллагааг сэргээгээд байгаа аж. Түүнчлэн галт тэргэнд суух хүмүүсийн тоог хянах зорилгоор суудал дээр нэг нэгээрээ суухыг анхааруулсан наалт байршуулжээ. Мөн вагон бүрт дүрэм журмыг дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгах хянагчид байх аж.


Халдварт өвчний нөхцөл байдал хэвийн болж байгаатай холбоотойгоор Хятадын эрх баригчид 3 дугаар сарын 25-нд Хубэй мужид тогтоосон хөл хориог цуцалж, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн, бүс нутгаас орох, гарах эрхийн хязгаарлалтыг цуцалсан байна. 

Холбоотой мэдээ