“COVID-19” ба Хятадын эдийн засаг

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-03-27 21:43:30

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газар тус улсад тархсан шинэ төрлийн коронавирусний халдварыг зогсоох, хязгаарлах чиглэлд гол хүчээ хаяж анхаарал хандуулж ажилласнаар халдварыг бараг хяналтдаа оруулж чадсан.

Оргил үедээ өдөртөө 15 мянга гаруйгаар нэмэгдэж байсан коронавирусний халдварын тархалт тус улсад харьцангуй хумигдаад байна. Шинээр халдвар авсан иргэдийн ихэнх хувийг гадны улс оронд байхдаа халдвар авсан иргэд эзэлж байна.

Одоо тус улсад нүүрлээд буй хамгийн чухал сорилт бол бол эдийн засгийн зөв бодлогыг хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд саармагжсан эдийн засгийг нэн даруй сэргээх асуудал болоод байна.

Юуны өмнө коронавирусний халдвар Хятадын эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлсөн талаар товч дурдъя.

 

Хятадын эдийн засагт коронавирусний үзүүлсэн сөрөг нөлөөлөл

 

Коронавирусний тархалтын эсрэг авч хэрэгжүүлсэн хөл хорио тогтоох арга хэмжээ нь эдийн засгийн бүх салбарт сөрөг нөлөө үзүүлсэн. Тэр дундаа тус улсын ДНБ-ний 53.9%-ийг эзэлдэг үйлчилгээний салбар болон 39%-ийг эзэлдэг үйлдвэрлэлийн салбарт хамгийн хүндээр тусжээ.

 

БНХАУ-ын Үндэсний Статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, коронавирусний тархалт Хятадын эдийн засагт дараах сөрөг нөлөөг үзүүлжээ.

 

1.    Аж үйлдвэрийн үйлдвэрлэл буурсан. Оны эхний хоёр сарын байдлаар тус улсын үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 13.5%-иар буурчээ. Тодруулбал, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 7.9%, хувьцаат компаниудынх 14.2%, гадаадын болон Хонконг, Макао, Тайванийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийнх 21.4%, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийнх 20.2% -иар тус тус буурсан байна.

 

2.    Үйлчилгээний салбарын үйлдвэрлэл буурч, шинэ төрлийн үйлчилгээний салбар тогтвортой хөгжиж байна. Оны эхний хоёр сарын байдлаар тус улсын үйлчилгээний салбарын үндэсний үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 13 %-иар буурав.

 

3.    Зах зээлийн борлуулалт буурч, өргөн хэрэглээний барааны борлуулалт болон бараа бүтээгдэхүүний цахим худалдаа өссөн. Оны эхний хоёр сарын байдлаар тус улсын өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн борлуулалтын хэмжээ 5,2 их наяд юань байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 20.5 %-иар буурсан үзүүлэлт юм.

 

4.    Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт буурсан. Эхний 2 сарын байдлаар тус улсын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 3,3 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 24,5%-иар буурсан байна. Үүнийг салбараар нь авч үзвэл, дэд бүтцийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт 30,3%, үйлдвэрлэлийн салбар 31,5%, үл хөдлөх хөрөнгийн салбар 16,3%-иар тус тус буурчээ.

 

5.    Зах зээлийн үнийн өсөлт үндсэндээ тогтвортой байв. Эхний 2 сарын байдлаар хэрэглээний үнийн өсөлт 5,3% байв.

 

6.    Ажил эрхлэлт ерөнхийдөө тогтвортой байж, ажилгүйдэл бага зэрэг нэмэгдсэн. Эхний 2 сард улсын хэмжээнд шинээр 1,08 сая ажлын байр бий болсон байна. Өнгөрсөн 2 дугаар сард ажилгүйдлийн түвшин 6%-тай байсан ба үүнээс 25-59 насны хүн амын ажилгүйдлийн түвшин 5,7%-тай байв.

 

7.    Гадаад худалдаа алдагдалтай гарч, худалдааны бүтцийг үргэлжлүүлэн сайжруулж байна. Энэ оны эхний 2 сарын байдлаар гадаад худалдааны хэмжээ 4,1 их наяд юаньд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 9,6%-иар буурчээ. Үүнд, экспортын хэмжээ 2,04 их наяд юань буюу 15,9%, импорт 2,08 их наяд юань буюу 2,4%-иар тус тус буурчээ. Худалдааны тэнцэл 42 тэрбум юанийн алдагдалтай гарсан.

 

Тэгвэл Хятадын ЗГ-аас коронавирусний тархалтын улмаас эдийн засагт учирсан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, зээл олголтыг нэмэгдүүлэх, зээлийн хүүг хөнгөлөх, зээлийн нөхцөлийг бууруулах,  барьцаа хөрөнгийн өртгийг бууруулах арга хэмжээг авч байна.

 Мөн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар нийлүүлэлтийг хангах, эргэлтийн хөрөнгийн жигд урсгал болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, татвар болон өрийн дарамтыг бууруулах чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэв.

           Коронавирусний тархалтын улмаас хамгийн ихээр хохирол амсаад буй бичил бизнес эрхлэгч, жижиг дунд үйлвэрлэл эрхлэгч /нэн ялангуяа ХАА, үйлчилгээний салбар/ нарт санхүүгийн дэмжлэгийг үзүүлээд байна. Харин том аж ахуй нэгжийг татвар, НДШ-ийг төлөх хугацааг хойшлуулах, үйлдвэрлэл эрхлэх боломжоор хангаж өгөх чиглэлээр арга хэмжээ авч байна.

 

Эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй шийдвэр, арга хэмжээ

 

            БНХАУ-ын Засгийн газар 2 дугаар сарын 10-аас хойш эдийн засгийг сэргээх, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр үе шаттай, олон удаагийн шийдвэр, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нийгэм, эдийн засгаа хөгжүүлж, улс орны хөгжлийг тодорхойлох, дэд бүтцийн чухал том төслүүдийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхний ээлжинд үе шаттайгаар хэвийн горимд оруулахаар зорин ажиллаж байна.

 

Тодруулбал, Хятадын Засгийн газраас коронавирусний халдварын тархалтын улмаас ААН-үүдийн хүлээсэн санхүүгийн алдагдал, өрийн дарамтад дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, санхүүжилт олгох нөхцөлийг бууруулах, татварын орчноор дэмжих, даатгал, хураамж, төлбөрөөс чөлөөлөх, хугацааг хойшлуулах, экспортын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварын хувь хэмжээг тодорхой хугацаанд бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.

Хятадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллээр, 3-р сарын 16-ны өдрийн байдлаар Хубэй мужаас бусад газруудад том, дунд үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн 95% нь үйлдвэрлэлээ сэргээсэн, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

 

Хятадын Ардын банкнаас коронавирусний өвчний тархалттай тэмцэх үйл ажиллагаанд оролцож буй аж ахуйн нэгжүүдэд 53,5 тэрбум яаралтай тусламжийн зээлийг олгоод байна.

 

 

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн чиглэлээр:

 

1.    Коронавирусний гамшигт нэрвэгдсэн үйлдвэр, аж ахуй нэгж /тээвэр үйлчилгээ, нийтийн хоол, түрээсийн байр, аялал жуулчлал/-ийн алдагдлыг 5-8 жилээр /манайхаар Х тайлан гаргах хугацаа/ тооцно.

 

2.    Өвчний гамшигт нэрвэгдсэн тээвэр үйлчилгээ, аялал жуулчлал, нийтийн хоол, түрээсийн байр, хүргэлтийн үйлчилгээ, иргэний агаарын салбарын үйл ажиллагааг НӨАТ-аас чөлөөлж, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлнэ.

 

3.    Хубэй мужид хүнсний ногооны үйл ажиллагаа эрхэлдэг нөхөрлөл, аж ахуйн нэгжийг НӨАТ, ХХОАТ болон бусад татвараас бүрэн чөлөөлөх.

 

4.    Халдварын дэгдэлтээс сэргийлэх зорилгоор үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөн шинэ тоног төхөөрөмж худалдан авсан тохиолдолд одоогийн өртөгт оруулан тооцож, аж ахуй нэгжийн орлогын албан татварт суутган тооцно.

 

5.    Халдварын аюулаас сэргийлэх, хамгаалах материал үйлдвэрлэгч аж ахуй нэгжид НӨАТ-ыг сар бүр буцаан олгох.

 

6.    Халдварт өвчнөөс сэргийлэх, хамгаалах бараа материал тээвэрлэсэн иргэнийг орлогын болон НӨАТ-с чөлөөлөх.

 

7.    Нийтийн тээврийн үйлчилгээ, амьжиргааны үйлчилгээ /биет болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дагуу шийднэ/, оршин суугчдын шаардлагатай амьжиргааны материалын шуурхай хүргэлтийн үйлчилгээний тээврийг НӨАТ-с чөлөөлөх,

 

8.    Хубэй мужийн бичил бизнес эрхлэгч буюу өрхийн бизнес эрхлэгч болон бичил бизнес эрхлэгчдийн НӨАТ хувь хэмжээг бууруулна. Бусад муж, хотуудын энэ төрлийн бизнес эрхлэгчдийн НӨАТ-ын хувь хэмжээг буулгаж 1% болгов. Уг мэдэгдэл нь 3 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 31-ны хүртэл 2 сарын хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

 

Аж ахуй нэгжийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх болон санхүүжилт олгох зээлийн чиглэлээр:

 

1.    Хятадын Ардаас банкны зөвшөөрөл олгосны үндсэн дээр хөнгөлөлттэй зээлийг хүүг 1 жилийн хугацаатай 50%-иар чөлөөлөх бөгөөд Хубэй мужийн аж ахуй нэгжийг 100% чөлөөлнө.

 

2.    Жижиг, дунд үйлдвэр болон үйлдвэрлэлээс бусад салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлж олгох дунд болон урт хугацааны зээлийн хэмжээг нэмэгдүүлж, барьцаа хөрөнгийн өртгийг бууруулах.

 

3.    Орон сууцны ипотекийн зээл, бусад зээлийн эргэн төлөлтөд зохицуулалт хийх эрхийг банканд олгох /Ардын банк зөвшөөрсөн байх/ бөгөөд даатгалын байгууллага халдварт өвчнөөр өвчилсөн хэрэглэгчийн даатгалын төлбөрийг эхний ээлжинд төлнө.

 

4.    Аж үйлдвэрийн банк, Хөдөө аж ахуйн банк, Хятадын банк, Бүтээн байгуулалтын банк нь ойрын хугацаанд хүчинтэй хугацаа нь дуусгавар болох хувь хүний хугацаат хадгаламжийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл шууд сунгана.

 

5.    Халдварын гамшигт нэрвэгдсэн аж ахуй нэгж, хувь хүнд бизнес эрхлэх хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд зээлдэгч нь коронавирусний халдвар туссан тохиолдолд зээлийг эргүүлэн өгөх боломжтой бөгөөд зээлийн хугацаа нэг жилээс хэтрэхгүй байна.

 

6.    Үндэсний батлан даалтын сангаас гамшигт нэрвэгдсэн аж ахуй нэгж, иргэдэд зээл олгох бөгөөд зээлийн нөхцөлийг чангаруулахгүй, хурдан шуурхай, тасралтгүй байдлыг хангаж ажиллана.

 

7.    Халдварын гамшгаас өмнө зээл авсан бөгөөд уг зээлээ зориулалтын дагуу ашиглаж чадаагүй бол Засгийн газраас татаас олгоно.

 

8.    Бүх шатны санхүүгийн байгууллага халдварын улмаас санхүүгийн баталгаа, бизнесээ алдсан иргэдэд зээл олгох, зээлд хамруулахад нэн тэргүүнд анхаарч ажиллана.

 

Аж ахуй нэгжийн НДШ болон төлбөр татаасын чиглэлээр:

           

1.    Энэ оны 2 дугаар сараас эхлэн жижиг дунд аж ахуй нэгжийг гурван төрлийн нийгмийн даатгалын төлбөрөөс 5 сар хүртэлх хугацаагаар  чөлөөлөх бөгөөд томоохон аж ахуй нэгжийг 3 төрлийн нийгмийн даатгалаас 3 хүртэлх сарын хугацаагаар тус тус чөлөөлнө.

 

2.    Хубэй мужид нийгмийн даатгалын гурван төрлийн төлбөрийг төрийн байгууллагаас бусад бүх аж ахуй нэгжид 5 хүртэлх сарын хугацаагаар чөлөөлнө.

 

3.    Коронавирусний халдварт нэрвэгдсэн үйлдвэрлэл, ахуй нэгж нийгмийн даатгалын төлбөрийг 6 хүртэлх сараар хойшлуулж болох бөгөөд хойшлуулсан хугацаанд төлбөрийг төлөхгүй байж болно.

 

4.    Энэ оны 2-р сараас эхлэн аж ахуй нэгжүүд 5 хүртэлх сарын хугацаанд ажилчдын эрүүл мэндийн даатгалыг 50%-иар тооцон төлж болно.

 

5.    Гуандун мужид нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн нөхөн олговрын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй бол өвчний дэгдэлт намжсаны дараах 3 сарын дотор нөхөн төлж болно.

 

6.    Бээжин хотын харьяа дүүргийн улсын үйлдвэрийн газрын байранд ажил үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрийг Засгийн газрын шаардлагаар ажил үйлчилгээ эрхлүүлэх эсхүл, үйл ажиллагааг түр зогсоосон тохиолдолд 2 дугаар сарын байрны түрээсийн төлбөрөөс чөлөөлөх, оффисын зориулалтаар түрээсэлдэг бол мөн сарын түрээсийн зардлыг 50 хувиар бууруулна.

 

7.    2-р сарын 6-ны өдрөөс өмнө худалдан авсан галт тэрэг, онгоцны тасалбарыг буцаах тохиолдолд бүх төрлийн торгуулийн төлбөрөөс бүрэн чөлөөлөн, буцааж олгоно. Онгоцны билетийн буцаан олголтоос гарсан алдагдлыг “Иргэний нисэхийн хөгжлийн сан”-гаас төлүүлнэ.

 

Нийлүүлэлтийн хомсдолыг бууруулах чиглэлээр:

 

1.    Хятадын Сангийн яам, Хөгжил шинэчлэлийн хороо, Үйлдвэрлэл, мэдээллийн технологийн яам хамтран халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах багаж, хэрэгсэл үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн жагсаалтыг гаргаж, бүтээгдэхүүний хуваарилалт, нийлүүлэлтийн менежментийг тохируулахаар шийдвэрлэв. Жагсаалтад эм, эмнэлгийн багаж, хэрэгсэл үйлдвэрлэгч аж ахуй нэгж, эмнэлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч компани, эмнэлгийн хэрэгсэл хадгалах, хамгаалах, тээвэрлэгч аж ахуй нэгжүүд хамаарна. Энэхүү жагсаалтад орсон аж ахуй нэгжид Хятадын Ардын банкнаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх буюу хөнгөлөлттэй зээл олгох ба зээлийн хүүгийн 50%-ийг төр засгаас хөнгөлөх бөгөөд хөнгөлөлттэй зээлийн хугацаа 1 жил байна. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуй нэгжийн санхүүгийн зардал нь зах зээлийн өртгийн зардлын 1,5%-иас доошгүй байж, эмнэлгийн хэрэгсэл, өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнийг нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэв.

 

2.    Хаврын тариалалтын өмнө газар тариалангийн бизнес эрхлэгчдийг дэмжиж, санхүүлжилт олгохоор шийдвэрлэв. Энэхүү санхүүжилт нь газар тариалангийн үйлдвэрлэгчдэд гамшгаас хамгаалах хөрөнгө болох бөгөөд хөдөө аж ахуйн салбарын зээлийн зардлыг бууруулж, чөлөөлөхөөр шийдвэрлэв. Улмаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой байж, хаврын тариалалт хэвийн явагдаж байна. Улаан буудайн тариалалт хугацаандаа хийгдэж байгаа бөгөөд хүнсний ногооны тариалах талбай өргөжсөн, хаврын газар тарилалтын бэлтгэл ажлыг орон даяар зохион байгуулж, үр, бордоо зэрэг хөдөө аж ахуйн материалын хангамжийг тогторжуулаад байна.

 

3.    Коронавирусний тархалтын улмаас тасалдсан үйлдвэрлэлийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор цахилгаан болон байгалийн хийн үнийг бууруулах болсныг Шанхай хотын Ардын засгийн газраас 3 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэв. Улмаар аж ахуйн нэгжүүд 2 тэрбум юанийг хэмнэх боломжтой болж байна. Уг шийдвэрийн дагуу энэ оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Шанхайн аж ахуйн нэгжүүд /эрчим хүч ихээр хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдээс бусад/-ийн цахилгааны үнийг 5 хувиар бууруулах бөгөөд үүнд нийт 750 мянга гаруй аж ахуйн нэгж хамрагдаж байна.

 

4.    Аж ахуй нэгж, орон нутгийн хувьд зөвшилцлийг бэхжүүлж, тухайн орон нутгийн захиргааны удирдлага дор эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эхлүүлэх боломжийг судалж, холбогдох санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх эрхийг Төрийн Зөвлөлөөс бүх орон нутгийн засаг, захиргааны нэгжид олгов.

 

Эх сурвалж: Хятадын Сангийн яам

 

Холбоотой мэдээ