АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо БНХАУ-д илэрснийг давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-03-27 08:47:11

ВАШИНГТОН. /Financial Times/. АНУ-д “COVID-19” халдвар авсан хүний тоо 81943-т хүрснээр БНХАУ-д албан ёсоор бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоог давсан байна. Ингэснээр АНУ хамгийн олон хүн халдвар авсан орнуудын нэгдүгээрт бичигдэж эхэлжээ.


АНУ-ын муж улс тус бүрээр пүрэв гарагт гаргасан тоон үзүүлэлтээс үзэхэд Нью-Йорк, Нью-Жерси, Калифорнид халдварын олон тохиолдол бүртгэгдсэнээр тус улсын нийт үзүүлэлт БНХАУ-ынхыг /81285/ давжээ. Харин халдварын улмаас нас барсан хүний тоогоор АНУ /1177/ нь БНХАУ /3287/, Италийн /8215/ ард жагссан хэвээр байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг үзүүлэлтийг “шинжилгээ сайтар авсан”-тай холбоотой хэмээгээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярина гэж хэлжээ. “Бид Хятадад хэдэн хүн халдвар авсныг мэдэхгүй” гэж Д.Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлээд, “бид маш олон хүнээс шинжилгээ авч байна” гэж мэдэгджээ. 


Бээжингийн засаг захиргаа гадаадын иргэдийг түр хугацаагаар хилээрээ нэвтрүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн өдөр дээрх үйл явдал болжээ. Халдвар анх дэгдсэн Хятад улсад шинжилгээний хариу нь эерэг гарсан хэдий ч халдварын шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг нийт тоондоо оруулдаггүй нь эргэлзээ төрүүлж байгаа аж.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлснээр, дэлхий даяар халдвар авсан хүний тоо 523163-т хүрчээ. 

Холбоотой мэдээ