Д.ЦОГТБААТАР: ЭНЭ 30 ЖИЛД ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЖ, ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСИЙГ БҮРДҮҮЛСЭН
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГАУлаанбаатар. /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Дамдины Цогтбаатар МОНЦАМЭ агентлагт ярилцлага өглөө.
-Энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Юуны өмнө уншигч та бүхэндээ Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн тэмдэглэлт ойн баярын мэндийг хүргэе. Он цагийн тооллын хувьд 30 жил нь богино хугацаа мэт боловч Монгол, Солонгосын харилцааны хувьд нэн чухал ач холбогдолтой, онцлог үйл явдлаар дүүрэн он жилүүд байлаа. Энэ хугацаанд бид харилцаагаа “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт амжилттай өргөжүүлэн хөгжүүлж ирлээ.
Хоёр улсын найрсаг харилцааг бэлэгдэн 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлаж, 30 үйл ажиллагааг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, Сөүл хотноо “Монголын соёлын өдрүүд”, кино өдөрлөг, Улаанбаатар хотноо эрдэм шинжилгээний хамтарсан симпозиум, 30 жилийн ойд зориулсан номын нээлт, гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг олон нийтэд чиглэсэн урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах юм.
Улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлэх хүрээнд энэ онд дээд, өндөр түвшинд зарим айлчлалыг хэрэгжүүлэхээр бид ярилцаж байна. 30 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороог Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ахалж, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нар дэд даргаар ажиллаж байна.
1990 оны 3/26 БНМАУ, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох тухай протоколд гарын үсэг зурж байгаа нь
-Монгол Улсын гадаад бодлогод БНСУ ямар байр суурь эзэлдэг вэ. Та хоёр улсын харилцааны өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна, хэтийн төлвийн талаар ямар бодолтой байна вэ?
-1990-ээд оноос буюу Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого явуулж ирсэн үеэс манай гадаад бодлогод Гуравдагч хөршийн тухай ойлголт гарч ирсэн. Хөрш ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцааг хөгжүүлж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг явуулахын сацуу өрнө, дорнын өндөр хөгжилтэй улсуудтай бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай “гуравдагч хөрш”-ийн бодлого юм. БНСУ нь чухамхүү энэхүү бодлогын хүрээнд АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, Туркийн хамт манай “гуравдагч хөрш” улс болж, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 жилийн турш хэлбэрэлтгүй урагшилж, эдүгээ “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрээд байна.
Манай хоёр улс хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй. Эдгээр үнэт зүйлс нь хоёр улсын бат бэх харилцааны үндэс суурь нь болдог. “Гараа сайн бол бариа сайн” гэж ярьдаг. Хамтын ажиллагааны эхлэл, гараа сайн байсан учир харилцаа хурдацтай хөгжиж, сайн үр дүн гарсаар байна. Манай талаас Ерөнхийлөгч П.Очирбат төрийн тэргүүний хувиар 1991 онд БНСУ-д анх айлчилж байсан бол БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жүн 1999 онд хариу айлчлал хийж байв. Түүнээс хойш Ерөнхийлөгч, Парламентын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарын түвшинд нийтдээ 30 гаруй айлчлал харилцан хэрэгжүүлжээ.
Өнгөрсөн хугацаанд улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцааны эрх зүйн үндсийг сайн бүрдүүлсэн гэж үзэж байна. Хоёр улсын харилцааг зохицуулж буй 50 гаруй Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байна. Манай холбогдох яам, байгууллагуудын түвшинд өргөн хүрээтэй яриа хэлэлцээний механизм бүрдлээ. Найрамдал, олон нийтийн байгууллагууд маань ч “Ардын дипломат”-ын үүргээ сайн гүйцэтгэж ирсэн.
Монгол, БНСУ-ын харилцааг өнөөгийн түвшинд хүргэж хөгжүүлэхэд гар бие оролцож, хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст, нэн ялангуяа төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатууд, эрдэмтэн судлаачид, иргэддээ энэ завшааныг ашиглан гүн талархал илэрхийлье.
БНСУ нь манай гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орон. Хоёр улсын худалдааны нийт бараа эргэлт 2019 оны гүйцэтгэлээр 300 орчим сая ам.доллар болж, БНСУ-аас оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 550 сая ам.долларт хүрээд байна. Манай улсын хамгийн олон иргэд буюу 48 мянга орчим иргэн тус улсад оршин сууж, жилдээ 200 гаруй мянган иргэн харилцан зорчиж байна. Улс хоорондын харилцаа, түүний дотор иргэдийн урсгал хөдөлгөөн өндөр байгаа нь манай хоёр улсын харилцааны цар хүрээг илтгэн харуулж буй томоохон жишээ юм.
Гуравдагч хөрш БНСУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын чухал зорилтын нэг гэдгийг өмнө нь хэлсэн. Мөн олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Ази номхон далайн бүс нутагт, нэн ялангуяа Зүүн Азийн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд түлхүү оролцохыг бид зорьдог. Бидний оршиж буй Зүүн хойд Азийн бүс нутаг хөгжлийн боломж ихтэй хэдий ч одоогоор энэхүү боломжоо ашиглах нөхцөл, орчин бүрдээгүй, бүс нутгийн хамтын ажиллагааны механизмгүй байна. Ирээдүйдээ Монгол, БНСУ хоёр улс бүс нутгийн тавцанд хамтран ажиллах, эл бүс нутгийг хамарсан уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний томоохон бүтээн байгуулалт, төслүүдэд харилцан уялдаатай оролцож хамтдаа хожих сайхан ирээдүй бидэнд байна. Ерөнхийлөгч Мун Жэ Иний дэвшүүлсэн “Шинэ Умардын бодлого” зэрэг бүс нутгийн хөгжлийн санаачилгуудыг ч бид энэ бодлогын хүрээнд дэмжиж байгаа.
Монгол Улс байгалийн баялаг ихтэй, энэ нөөцөөрөө дэлхийд эхний 10-т багтдаг, БНСУ нь шинэ дэвшилтэт техник технологи, ноу-хау, нэн ялангуяа мэдээллийн технологийн салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх эгнээнд багтаж буй улс. Иймд хоёр улсын давуу тал, нөөц бололцоог хослуулан харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж их байна. Боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гээд хамтран ажиллах талбар ч олон байна.
-Сүүлийн жилүүдэд хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар харилцан айлчиллаа. Эдгээр айлчлалын гол үр дүн юу байв? Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны өнөөгийн түвшинг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх талаар ярилцсан. Энэ хүрээнд цаашид ямар салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Тийм ээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын харилцан айлчлалын давтамж нэмэгдлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад улсад хийсэн анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлж, 2018 оны 1 дүгээр сард албан ёсны айлчлал хийсэн. Улмаар нэг жил хүрээгүй хугацаанд буюу 2019 оны 3 дугаар сард БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад хариу айлчлал хийлээ. Айлчлалын үеэр болсон яриа хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, хоёр улсын Ерөнхий сайд нарын хооронд ч харилцан итгэлцэл, “ах дүүгийн” найрсаг харилцаа тогтсон. Эдгээр нь хоёр улсын харилцаанд, ялангуяа иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.
Айлчлалын үеэр нэлээд хэдэн чухал асуудлыг ярьж тохирсон. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсад нэн шаардлагатай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон. Ялангуяа “Солонго 1, 2 орон сууцны хороолол”, “Баянголын амд түрээсийн орон сууцны хороолол” барих асуудлыг нааштай шийдвэрлэхээр болсон нь айлчлалын бодит үр дүн юм.
Мөн хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх саналыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин манай талд тавьсан. БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мү Хений 2006 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэхээр тунхагласан бол 2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг-ийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирсон билээ.
Бид одоо “Стратегийн түншлэл” ямар чиглэл, агуулгатай байх талаар анхааралтай судалж байгаа, энэ асуудлаар ахмад дипломатчид, эрдэмтэн судлаачидтай санал солилцон ажиллаж байна. Манай төсөөллөөр “Стратегийн түншлэл” нь а/ улс төр, аюулгүй байдал; б/ худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа; в/ боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэг, аялал жуулчлал; г/ иргэд консулын харилцаа; д/ олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуур баганаас бүрдэнэ гэж үзэж байна. Эдгээр чиглэл бүртээ ямар зорилт дэвшүүлэх вэ гэдгээ Солонгосын талтайгаа харилцан ярилцаж байна. Энэхүү өндөр түвшний түншлэлийг тунхаглах өдөр тун ойрхон гэж харж байна.
-Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал болон Солонгосын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын зах зээл, бүтээн байгуулалтын төслүүдэд татан оролцуулах боломжийн талаар дурдана уу?
-Хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа маш чухал. Хоёр улсын гадаад худалдааны эргэлт дипломат харилцаа тогтоосны эхний жилүүдэд 270,000 ам.доллар байсан бол 2019 онд 294,8 сая ам.доллар болж нэмэгдсэн нь мянга гаруй дахин өссөн гэсэн үг. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт. Гэхдээ энэ чиглэлд бидэнд хийх ажил их байна.
Эдүгээ БНСУ нь манай гадаад худалдааны 6 дахь түнш орон болж, Солонгосын "Самсунг" зэрэг нэр хүндтэй компаниуд манай бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд оролцож ирсэнд баяртай байдаг. Тус улс 1990 оноос хойш манайд шууд хөрөнгө оруулалт хийж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Солонгосын аж ахуйн нэгж, компаниудын хийсэн хөрөнгө оруулалт 560 гаруй сая ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээр 10 дугаарт жагсаж байна.
Одоогоор тус улсын хөрөнгө оруулалттай 2532 компани Монголд аялал жуулчлал, аж үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байна.
БНСУ нь Азийн 4 дэх том эдийн засаг, дэвшилтэт техник технологи, ноу-хау-тай улс. Монгол Улс БНСУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын Хамтарсан хороог 2015 онд байгуулж, уг механизмыг үр ашигтай ашиглаж ирлээ.
Цаашид худалдааг хөнгөвчлөх, хорио цээрийн стандартыг тохирох, тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх нь худалдааг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бий болгох юм. Иймд хэтдээ БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахад чиглэсэн бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллах нь зүйтэй. Энэ хүрээнд Солонгосын талтай хамтарсан судалгааг 2018 онд хийж гүйцэтгэсэн. Судалгааны урьдчилсан дүнгээр манай экспортын хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн эерэг дүгнэлт гарсан.
Энэ ташрамд хэлэхэд, Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орж, энэ оны 7 дугаар сарын 1-нээс тус хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлнэ. Уг хэлэлцээрт нэгдсэнээр БНСУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломж нээгдэнэ гэж харж байна.
Бидэнд ашиглаагүй нөөц бололцоо их бий. Цаашид аж үйлдвэр, дэд бүтэц, зам тээвэр, барилга, хот байгуулалт, далайн тээвэр, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт БНСУ-ын хөрөнгө оруулалт, байгальд ээлтэй, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм.
-БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламж манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан гэдэг. Солонгос улсын хөнгөлөлттэй зээл тусламж аль салбарыг түлхүү хамарч байна вэ?
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж тодорхой хувь нэмэр оруулж ирсэн. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеэс БНСУ-ын Засгийн газар манай улсыг дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэнд Монгол Улсын төр, засаг, ард түмэн талархалтай байдаг.
БНСУ-ын Засгийн газар 1991 онд Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны тусламж олгох орнуудын жагсаалтад оруулж, 1991-2018 онд нийт 240 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Хөнгөлөлттэй зээлийг 1993 оноос эхлэн манайд олгож эхэлсэн. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор болж, уг зээлийн Ерөнхий хэлэлцээрийг 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр байгуулсан. Тус хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, “Солонго 1, 2 орон сууцны хороолол”, “Баянголын амд түрээсийн орон сууцны хороолол” барьж байгуулах болон Байгаль орчны үндэсний төв лабораторийн чадавхыг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон нь манай улсад тулгараад буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох юм. Мөн БНСУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Үндэсний оношилгоо, эмчилгээний төв барих, 10 аймгийн төвийн дулааны станц барих болон Хууль эрх зүйн багц төслүүдийг хэрэгжүүлж байна. БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн агентлаг болох Экспорт-Импорт банкны төлөөлөгчийн газар өнгөрсөн онд Улаанбаатар хотноо нээгдсэнээр дээрх төслүүдийг улам үр ашигтай, шуурхай хэрэгжүүлэх боломжтой болж байна.
Цаашид ч Монгол Улсын суурь дэд бүтцийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Солонгосын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл чухал ач холбогдолтой. Иймд зээл, тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгэмд чиглэсэн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газартай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах бодолтой байна.
-Солонгост ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн тоо 50 орчим мянгад хүрч, харилцан зорчих иргэдийн тоо ч жилээс жилд нэмэгдэж байна. Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар ГХЯ-ны зүгээс ямар алхмууд хийж байгаа вэ?
-Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал нөхцөлүүдийн нэг нь иргэд харилцан чөлөөтэй зорчих явдал юм. Харилцаа өргөжин хөгжихийн хэрээр иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, өнгөрсөн онд хоёр улсын хооронд харилцан зорчсон иргэдийн тоо 200 мянгыг анх удаа давлаа. Үүнээс манай улсын 103 гаруй мянган иргэн БНСУ-д, Солонгосын 97 мянган иргэн манай улсад тус тус зорчжээ. Мөн манай улсын хамгийн олон иргэн буюу 48 мянга орчим иргэн БНСУ-д оршин сууж байна. Цаашид ч иргэдийн урсгал жилээс жилд улам нэмэгдэх төлөвтэй байна.
Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний зорчих нөхцөлийг улам таатай болгох нь Монгол Улсын Засгийн газрын чухал зорилтын нэг юм. Энэ хүрээнд манай ГХЯ гадаад улсад зорчиж буй иргэддээ нэн шаардлагатай мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг түгээж, БНСУ-ын ЭСЯ-тай хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяныг зохион байгуулж байна. Мөн виз мэдүүлэхэд иргэдэд тулгарч буй хүндрэлийг багасгах, виз авах хугацааг богиносгох зэрэг асуудлыг Солонгосын талд бүхий л түвшинд тавьж ажиллаж байна. Энэ дагуу тодорхой үр дүн ч гарч байна. БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн журамдаа өөрчлөлт оруулж, тус улсад зорчих олон удаагийн виз олгох хүрээг өргөтгөн, гэрээт ажилтны гэр бүлд богино хугацааны визийг хөнгөвчилсөн нөхцөлөөр олгох зэрэг зохицуулалтыг 2019 оны 9 дүгээр сараас мөрдөж эхэллээ.
Иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих зорилгоор замын зураглал гаргах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн ажиллах болно.
-Солонгос хэл, соёлыг сонирхох, тус улсад суралцах хүсэлтэй монгол оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хоёр улсын соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаарх Таны бодлыг сонсъё?
-Монгол, Солонгосын харилцааны түүх эрт дээр үеэс улбаатай, хоёр улсын ард түмэн өнө эртний түүхэн харилцаатай явж ирсэн. Хэл, соёл, зан заншлын хувьд ч ижил төстэй зүйл ихтэй үндэстнүүд. БНСУ-д суралцах монгол оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, эдүгээ манай 8900 гаруй оюутан залуус тус улсад их дээд сургууль, хэлний бэлтгэлд суралцаж байна. Монгол Улсаас хилийн чанадад сурч буй оюутны тоогоор БНСУ нь 3 дугаарт орж байгаа гэсэн үг юм.
Боловсролын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол-Солонгосын багш нарын солилцооны хөтөлбөр” 2012 оноос амжилттай хэрэгжиж, манай ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй багш уг хөтөлбөрт хамрагдаад байна.
Соёл урлагийн чиглэлээр хоёр улс амжилттай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Монгол наадам, Mонголын соёлын өдрүүдийг БНСУ-ын томоохон хот, дүүрэгтэй хамтран жил бүр зохион байгуулдаг сайхан уламжлал тогтоод байна.
БНСУ нь үндэсний соёл урлагаа сурталчлах, үндэсний брэнд имижийг бүрдүүлэх, “K-Pop”-ыг дэлхий нийтэд сурталчлан таниулахад ихээхэн амжилт олж буй улс юм. Монголын хүүхэд залуучуудын дунд ч Солонгосын “K-Pop” дуучид хамтлагийг шүтэн бишрэгчид олон байдаг. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 онд Монгол Улсад айлчлах үеэр Солонгосын “K-Pop”-ын адил бид Монголдоо “М-Pop”-ыг хөгжүүлэх, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан. Энэ нь манай хоёр улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл ч болох боломжтой гэж бодож байна.
БНСУ нь 4 дэх аж үйлдвэрийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, инновац, нано-технологи, мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй арга туршлагаараа дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг. Иймд цаашид Солонгосын шинжлэх ухаан, технологийн парк, инновацыг хөгжүүлсэн туршлагаас суралцах, мэдээллийн технологи, компьютерын програмчлал, инженерийн чиглэлээр оюутан залуусаа түлхүү сургах чиглэлээр хамтран ажиллах нь ирээдүйн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд тус дөхөм болох юм.
-Сүүлийн үед Солонгосын жуулчид Монгол Улсад аялал жуулчлалаар ирэхийг ихэд сонирхож байна. Манай улс Солонгосын аялал жуулчлалыг татах, улс орноо сурталчлах талаар хийж буй ажлын талаар сонирхоё?
-БНСУ-тай дипломат харилцаа тогтоосон цаг үеэс хойш иргэд хоорондын солилцоо аажмаар тогтмол нэмэгдэж, сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөх болсон. 1990-ээд оны эхэн үед гэхэд БНСУ-д зорчихын тулд Бээжингээс Токиогоор эсвэл Хонконгоор дамжин хоёр хоног зарцуулан хүрдэг байжээ. Харин 1994 оноос МИАТ, 1996 оноос Кореан Эйр компани Улаанбаатар-Сөүлийн хооронд шууд нийслэг үйлдэж эхэлснээр агаарын замыг нээсэн анхны хараацайнууд болсон юм. Энэ нь хоёр улсын агаарын харилцаанд төдийгүй, аялал жуулчлалын хөгжил, иргэд харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал түлхэц болсон билээ. Эдүгээ Эйр Пусан, Асеана зэрэг авиа компаниуд энэ эгнээнд нэгдэн ороод байна. Монгол Улсад аялал жуулчлалаар ирсэн солонгос иргэдийн тоо 1999 онд 5,000 орчим байсан бол эдүгээ энэ тоо 20 дахин өсч, 2019 онд 97 мянгад хүрлээ. Монгол Улс өнгөрсөн онд нийт 577 мянга орчим жуулчин хүлээн авснаас 20 орчим хувь нь солонгос иргэд байна.
БНСУ-аас манай улсыг зорьж ирэх жуулчид байгалийн буюу эко аялал жуулчлал, түүх, энтэртэйнмэнт, соёл урлагийн чиглэлээр төрөлжсөн аялалд хамрагдах боломжтой. Бид аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсыг гадаад улс орнуудад сурталчлан таниулах чиглэлээр олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд тогтмол оролцож, зорилтот зах зээлийн орнуудад “Монгол Улсын сурталчилгааны төвүүд”-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Танд нэг жишээ хэлье. БНСУ-д төдийгүй олон улсын үзэгчдийн сэтгэлд хүрсэн Солонгосын олон ангит киноны зарим зураг авалтыг 2019 оны намар манай улсад хийсэн. Тэгэхээр энтертэйнмент, соёл урлагийн чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар манай улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх бүрэн боломж бидэнд байна. Цаашид манай улсад зорчих, аялал жуулчлал хийх солонгос иргэдийн тоо улам өснө гэдэгт итгэлтэй байна.
-Хоёр улс олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж ирсэн. ЗХА-ийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, үүрэг ролийг хэрхэн үнэлж байна вэ? Хоёр улс бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна вэ?
-Зүүн хойд Азийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулах нь манай улсын гадаад бодлогын чухал хэсэг. Учир нь тус бүс нутагт өрнөж буй улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явц нь Монгол Улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжилд шууд болон шууд бус замаар нөлөөлж байдаг.
Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал юм. Монгол Улс бүс нутгийн улс орнуудын нэгэн адил Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой гэсэн байр суурийг тууштай баримталж ирсэн. Энэ хүрээнд Монгол Улс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг 2013 онд дэвшүүлж, өнгөрсөн хугацаанд бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны олон улсын бага хурал, хотын дарга нарын уулзалт, эмэгтэй Парламентчдын чуулга уулзалт, Залуучуудын уулзалт зэргийг амжилттай зохион байгуулсан. Эдгээр арга хэмжээнд ЗХА-ийн бүх орон, түүний дотор БНСУ манай санаачилгыг дэмжиж оролцдог.
Бүс нутгийн хэмжээнд Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах зэрэг санал санаачилгын талаар БНСУ-тай санал солилцож ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ”-ний хүрээнд бүс нутгийн улс орнуудыг хамруулсан байгууллага байгуулах санаачилга дэвшүүлснийг та бүхэн сайн мэдэж байгаа. Уг санаачилгыг ажил хэрэг болгоход бүс нутгийн улс орнуудын дэмжлэг, нэгдмэл байр суурь чухал. Энэ чиглэлээр бүс нутгийн орнууд, түүний дотор БНСУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.
Монгол Улс, БНСУ-ын түншлэлийн харилцаа хоёр улсын хөгжилд төдийгүй бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангахад ч үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.