Хунтайж Чарльз коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-25 19:47:49

ЛОНДОН. /BBC/. Уэльсийн хунтайж Чарльзын коронавирусний шинжилгээний хариу “эерэг” буюу халдвартай гарсан гэж Кларенсийн ордон мэдээллээ.


“Өдгөө 71 настай хунтайж Чарльзад халдварын хөнгөн шинж тэмдгүүд илэрч байгаа боловч түүний биеийн байдал сайн байна” гэж Кларенсийн ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Чарльзын гэргий, Корнуоллын ахайтан Камиллагаас мөн шинжилгээ авсан бөгөөд хариу нь сөрөг гарчээ. Чарльз, Камилла нар одоогоор “Балморал” цайзад өөрсдийгөө тусгаарласан байна.


Букингемийн ордноос мэдээлснээр, хатан хаан Элизавета том хүүтэйгээ энэ сарын 12-нд уулзсан бөгөөд түүний биеийн байдал ч мөн сайн байгаа ажээ. “Хатан хаан шаардлагатай зөвлөмжүүдийг дагаж байгаа” гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ. 


“Хунтайж сүүлийн хэдэн долоо хоногт олон уулзалтад оролцсон тул түүнийг хэнээс халдвар авсныг тодорхойлох боломжгүй байна” гэж Кларенсийн ордон мэдээлсэн байна. 


Их Британид сүүлийн мэдээллээр коронавирусний халдварын 8000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 422 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ