Ахуйн хүрээнд архидах явдал ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-03-25 17:37:01

Хэнтий /МОНЦАМЭ/ Хорио цээрийн дэглэмийн үед ахуйн хүрээнд архидаж, тэр хэмжээгээр гэр бүлийн хүчирхийлэл ихсэх хандлагатай байгаа талаар Хэнтий аймгийн цагдаагийн газраас мэдээллээ. 


Өнгөрөгч амралтын өдөр буюу Наурызын баяраар гэргийнхээ аминд хүрсэн гэмт хэрэг гарсан байна. Тус аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу 18.00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг түр хориглосон ч ахуйн хүрээнд иргэд найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ архидан согтуурах явдал газар авч байна.

Хэнтий аймагт энэ оны эхний улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 89 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийн хэмжээнд байгаа хэдий ч иргэдийн араншин, гаргаж байгаа үйлдэл улам зэрлэгшиж байна. Наурызын баяраар Хэрлэн суманд оршин суух 25 настай эрэгтэй согтуурсан үедээ эхнэрээ зодож амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан бол Батноров суманд амьдардаг 50 настай эмэгтэйн баруун нүд нь гэмтэж буглаж идээлсэн байдалтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Хэргийг тодруулахад гуравдугаар сарын наймны өдөр нөхөр болох 62 настай Б нь согтуурсан үедээ зодож гэмтээсэн байж болзошгүй гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ