"Baby Yak" брэнд монгол сарлагийн хөөврийг дэлхийн зах зээлд таниулахад хувь нэмрээ оруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-24 20:03:36

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Ар арвижин дэлгэрэх” хоршоо нь сарлагийн хөөврөн “Baby Yak” брэндийг хийж, хөгжүүлж байна. Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн юм. 



Baby Yak” хорь гаруй нэрийн бүтээгдэхүүнтэй

“Ар арвижин дэлгэрэх” хоршоо нь том хүний төрөл бүрийн загварлаг цамц, өмд, малгай, ороолт, бээлий хийхээс гадна бяцхан үрсдээ зориулсан өлгий, нэхмэл болон сүлжмэл бойтог, өмд, цамц, оймс, бээлий, малгай зэргийг үйлдвэрлэдэг. Мөн ээрмэл утсыг гаргаж, дотоодын болон гадаадын үйлдвэр рүү нийлүүлдэг байна.



“Baby Yak” яаж үүссэн бэ?

Нүүдэлчин ахуйн уламжлалт зан заншил, хүрээлэн буй орчныхоо байгальд ээлтэй эко системийг цогцоор нь хадгалан авч үлдэх, улмаар орлогоо нэмэгдүүлэх зорилгоор тогтвортой, шударга худалдааг зарчмаа болгон 2010 онд Хангайн нурууны сарлаг малладаг малчид нэгдэн “Ар арвижин дэлгэрэх” хоршоог байгуулжээ. Бүтээгдэхүүндээ оноосон нэр өгөх талаар хоршооныхон ярилцаж байгаад 2018 онд “Baby yak” брэнд нэрийг өгч Оюуны өмчийн газарт бүртгүүлэн гэрчилгээ авчээ.



10  жилийн хугацаанд 49.5 тн хөөврийг 434.7 сая төгрөгөөр худалдан авчээ

Зургаан сумын хоршооны гишүүн 88 малчин өрхөөс жилдээ 5-6 тн хөөвөр самнаж бэлтгэн хоршоондоо өгдөг байна.  2010-2019 онд малчин өрхүүдээс нийт 49.5 тн хөөврийг 434,7 сая төгрөгөөр худалдан авчээ. Гишүүн малчдын бэлтгэсэн хөөвөрт ангилан ялгалт хийж, хөөвөрт байгаа хялгас, даахь, хогьт хольц, зэргийг ялгаж цэвэрлэн, том, бага үхрийнхээр нь ангилж,  боловсруулалтад оруулдаг байна. Өөрөөр хэлбэл чанартай хөөвөр бэлтгүүлж авдаг байна. Энэ нь экспортод нөлөөтэй ажээ.

Төрөөс малчдад хонины ноос, арьс, ширэнд урамшуулал олгодог шиг жилийн эцсээр хөөврөө хоршоондоо өгсөн гишүүн өрхүүддээ экспортын орлогоосоо урамшуулал олгодог.  2010-2019 оны хооронд нийт 131.3 сая төгрөг олгосон байна. Харин хувь нийлүүлсэн хөрөнгө, хөдөлмөр оролцоонд нь ноогдол ашиг олгодог ажээ.



“Baby Yak”-ийг гадаад экспортолж байна                               

Боловсруулсан хөөвөр, бүтээгдэхүүнийг Франц, Испани, Канад, Япон зэрэг улс орнууд руу нэмүү өртөг шингээн экспортолж, гишүүн малчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэн, монгол сарлагийн хөөврийг дэлхийн зах зээлд таниулахад хувь нэмрээ оруулж байна.

Малчдаас хөөврийг нь аваад ангилан ялгах, үйлдвэрээр угаалгах, самнуулах, утас ээрүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагаанд хоршоо оролцож, хяналт тавин чанарыг эрхэмлэж ирсэн. “Ар арвижин дэлгэрэх” хоршооны хөөвөр, утас, сүлжмэл  бүтээгдэхүүний  гарал үүсэл нь тодорхой чанартай. Орлого багатай эмэгтэйчүүдээр гар аргаар утас ээрүүлж, орлогыг нь нэмэгдүүлж байна.


Та яагаад сарлагийн хөөврийг сонгох ёстой вэ?

Сарлагийн хөөврийн бүтэц нь ямааны ноолууртай ижил төстэй боловч зарим талаараа ноолуураас давуу талууд байдгийг эрдэмтэд тогтоосон судалгаа байдаг ч бэлтгэлийн систем нь буруу байжээ. Малчид  сарлагийн хөөвөр бэлтгэхдээ хяргадаг байснаас үйлдвэрүүдийн стандарт шаардлагыг хангаж чаддагүй богино, хялгас ихтэй байснаас хөөврийн үнэ хямд буюу 500-1000 төгрөг, эрэлт хэрэгцээ бага байсан байна. Бэлтгэлийн системийг өөрчлөхийн тулд гадны төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч, малчдад сарлагийн хөөвөр самнаж, бэлтэх сургалтыг хийснээр самнаж бэлтгүүлдэг болсон байна. Самнаж бэлтгэсэн сарлагийн хөөврийг дотоод, гадаадын зах зээлд таниулж, үнэлэмжийг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, хөөврийн үнэ дунджаар 15.000-20.000 төгрөг, дотоод гадаадын зах зээлд эрэлттэй болжээ. “Ар арвижин дэлгэрэх” хоршооны гишүүдийн бэлтгэж байгаа хөөвөр нь бага насны сарлагийн хөөвөр учраас бусдаас ялгаатай харагддаг.


Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний тавуу талууд

Хөөврөн бүтээгдэхүүн нь ямар нэг харшил өгөхгүй, агаар сайн нэвтрүүлдэг учраас чийг татахгүй, зөөлөн, дулаан, суналт багатай, эдэлгээ сайтай байдаг. Мөн сарлагийн хөөврөн хувцсанд хөлс болон бусад бохирдлоор тэжээгдэх нян үржих боломжгүй байдаг нь онцгой давуу тал ажээ. Эрдэмтэд “Baby Yak” хөөвөр нь ямааны гуравдугаар зэргийн ноолууртай тэнцдэг гэж судалгаагаар гаргажээ. Мөн дулаан хэрнээ ямааны ноолуураас хямд үнэтэй. Бусад давуу, онцлог талуудыг дурдвал:

-Ямааны ноолуураас бат бөх байдаг нь түүнд агуулагдах цистин уураг их байдагтай холбоотой,

-Сарлагийн хөөврийн 100 микрометрт ноогдох хайрсны тоогоор ямааны ноолуурынхаас 4-өөр, мөн дулаан хадгалах чанар нь илүү,

-Сарлагийн хөөвөр ус шингээдэггүй шинжээр илүү учир хими технологийн нам температурт боловсруулах боломжтой,

-Сарлагийн хөөврийн эу-меланин пигментүүдийг өнгөгүйжүүлэх явцад будахгүйгээр бусад завсрын өнгүүдийг гаргах боломжтой,

-Сарлагийн ноолуурын ширхэгийн гистологи, голчийн болон уртын үзүүлэлт нь ямааныхтай төстэй хэмээн доктор Г.Надмид нарын судлаачид тодорхойлжээ.

Хамгийн эрэлттэй бараа ба жилийн борлуулалтын өсөлттэй дүн:

Дотоодын зах зээлд түүхий хөөвөр, гадаад зах зээлд чанарын өндөр түвшинд анхан шатны боловсруулалт буюу үйлдвэрээр угаалгаж, самнуулсан хөөвөр сүүлийн 3 жилийн байдлаар харахад 2017 онд 268,5 сая, 2018 онд борлуулалтын орлого 205,4 сая төгрөг, 2019 онд 427,1 сая төгрөг болж өссөн байна.  








Холбоотой мэдээ