Хандиваар цугласан мөнгөөр ариутгал, халдваргүйжүүлэх машин авна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-03-22 18:41:41
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Орхон аймагт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

·     -Аймгийн Онцгой комисст иргэд, ахуйн нэгжээс 150 гаруй сая төгрөг хандиваар цуглараад байна. Уг мөнгөөр шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор техник, тоног төхөөрөмж авах болон  халдваргүйтгэлийн бодис, хэрэглэлийг нөөцлөхөд зарцуулна. Ирэх долоо хоногт хандиваар цугларсан мөнгөөр авч буй машиныг орон нутаг хүлээн авна.

-Оройн 18 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон Засаг даргын захирамжийг зөрчсөн найман дэлгүүрийн тусгай  зөвшөөрлийг цуцалж хууль бусаар архи худалдсан 30 иргэнд 2.7 сая төгрөгийн торгууль ногдууллаа.

-Энэ сарын 15-наас гэр хорооллын айл өрхөд 800 ширхэг цахилгаан халаагуурыг 60 мянган төгрөгөөр олгож эхэллээ. Уг халаагуурыг БОАЖЯ-наас аймгийн БОАЖГ-т өгсөн юм.  Цахилгаан халаагуурыг гэр хорооллын 15 баг тус бүрээс 19 өрхөд өргөдөл, хүсэлтийн дагуу олгож байна. Уг халаагуур нь 20 м.кв талбайг халаах хүчин чадалтай, цахилгаан бага зарцуулдаг ажээ.

-Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар эрсдэлт бүлгийн хүүхдүүдийн судалгааг гаргаж мэдээллийн бааз бүрдүүлжээ. Нийт 250 өрхийн 500 хүүхдийн судалгааг гаргаж үүнээс өндөр эрсдэлтэй бүлэгт 150 хүүхдийг бүртгэсэн байна.

-Улсын Онцгой комиссоос Орхон аймагт 100 тонн өвс болон 27 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн. Уг мөнгөөр аймгийн ХХААГ “Алтан тариа” ХХК-аас тэжээл, нэмж өвс худалдан авсан байна.  Малчин өрх бүрт 10 боодол өвс, 2-3 шуудай тэжээлийг үнэ төлбөргүй олгохоор болов.

-Энэ сарын 22-нд ОХУ-аас ирсэн 44 иргэнийг Орхон аймагт тусгаарлаж, МХЕГ-ын даргаар ахлуулсан баг Орхон аймагт ажиллалаа. 

Холбоотой мэдээ