Аймгийн нөөцөөс сумдад тэжээл үнэгүй хуваариллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-20 21:32:38

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн а/155 дугаар захирамжаар сумдад ажиллах чиглэл, удирдамжийг баталж, энэ сарын 19, 20-ны өдөр таван ажлын хэсэг сумдад ажиллалаа.

Ажлын хэсгүүд сумдын хаваржилтын нөхцөл байдал болон шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөгөө өгөх зорилготой явсан.

Ингэхдээ аймгийн нөөцөөс сумдад үнэгүй тэжээл хуваарилсныг хүргэж өглөө. Өөрөөр хэлбэл, хаваржилт хүндэрч, мал хээл хаяж буй энэ үед Өлзийт суманд 5 тн, бусад суманд 4 тн тэжээлийг өчигдөр хүргэлээ. Малчдын гар дээр үнэгүй очно.

Аймгийн Засаг даргын зүгээс сумынхаа хаваржилтын нөхцөл байдлыг зөв үнэлж, тэжээл шаардлагатай, хэрэгцээтэй байгаа малчдад тарааж өгөхийг чиглэл болгосон. Үүний хүрээнд сумын Онцгой комисс хуралдаж, аль багт хуваарилах вэ гэдэг асуудлыг шийдэх юм.

Ажлын хэсэгт БОАЖГ, ОБГ, ХХААГ-ын төлөөллүүд орж, шуурхай штабын үйл ажиллагаатай танилцсан. Мөн төл бойжилт, мал хорогдлын мэдээг өрх бүрээр гаргаж авах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сэг, зэм устгалын ажлыг зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө. АЙмгийн Засаг дарга “Сэг, зэм устгах ажлыг зөвхөн төр хийхгүй. Энэ жилээс малчдыг татан оролцуулж, зохион байгуул” гэдэг чиглэлийг сумын удирдлагуудад өгөв.   

Холбоотой мэдээ