“Google”-ийн ажилтан технологийн хулгай хийснээ хүлээжээ

Дэлхийд | Технологи
Jargal.d@montsame.mn
2020-03-20 16:18:06

МОСКВА. /TASS/. Америкийн “Google” компанид инженерээр ажиллаж байсан Энтони Левандовски компанийнхаа жолоочгүй автомашины талаарх арилжааны мэдээллийг хулгайлж, өрсөлдөгчдөө өгсөн гэдгээ хүлээжээ.


“France-Presse” агентлагийн мэдээлснээр, Левандовски 2009-2016 онд “Google” компанид ажиллаж байсан бөгөөд ажлаасаа халагдахын өмнө радар гэх мэт жолоочгүй автомашины технологиудын хөгжүүлэлтийн талаарх баримт бичгийг хуулж авсан байна. Тэрбээр ийм төхөөрөмжүүдийг хөгжүүлэх ажлыг хариуцсан газрыг удирдаж байжээ.


Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Калифорни муж улсын Хойд тойргийн Прокурорын газар түүнийг 33 зүйл заалт бүхий хэрэгт буруутгасан байна. “France-Presse” агентлагийн мэдээлж буйгаар, Левандовски эдгээрээс зөвхөн нэгийг нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусдыг хүлээхээс татгалзжээ. Хулгайлсан баримт бичгийн үнэ 1.5 саяд хүрч магадгүй байна. Харин Левандовски 10 жил хоригдох, мөн 250 мянган ам.доллароор торгуулах ял авч магадгүй байгаа юм.


Ялын төлөвлөгөөнөөс үзвэл, тэрбээр мэдээлэл хулгайлах үедээ жолоочгүй тээврийн хэрэгсэл бүтээх салбарт “Google”-тэй өрсөлддөг хоёр компанитай холбогдож харилцсан байна.


“Google” компанид ажиллаж байхдаа Левандовски өөрийн компанийг байгуулсан бөгөөд хожим нь “Otto” гэж нэрлэжээ.

Холбоотой мэдээ