“Дэлхийн усны өдөр” энэ жил ням гарагт тохионо

Монголын мэдээ | Байгаль орчин
ulzii@montsame.mn
2020-03-19 12:53:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэж, ундны цэвэр усаа хэрхэн ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулж, хамгаалах асуудлаар олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай.  


Одоогоос 27 жилийн өмнөөс буюу 1993 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг улс орнууд тэмдэглэж ирсэн түүхтэй. Монгол Улс энэ жил "Усаа хайрлах, гамнах, устай зөв харьцах" уриатай "Дэлхийн усны өдөр"-ийг орон даяараа өргөн хүрээнд тэмдэглэхээр болжээ.


Монгол Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т жагсдаг бөгөөд усны нөөц багатай улс орны тоонд багтдаг. Монголчууд хэрэглээний усныхаа 80 гаруй хувийг газар доорх усаар хангадаг. Монгол орны газрын гүн дэх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилж байж сэргээгддэг байна. Иймд нөхөн сэргээгдэх боломжтой гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцөө хамгаалах нь Монгол Улсын эн тэргүүний зорилт юм.



"Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бид хамгийн түрүүнд уснаас мэдэж болно. Усны нөөцийг урьдчилан тооцоход бэрхшээлтэй болсон улс орон олон бий. Тухайлбал, үерийн улмаас усны чанар болон эрүүл ахуйн аюулгүй байдал алдагдаж усны нөөц бохирдоход хүрээд байгаа аж. Мөн зарим газруудад ган гачиг болсноор усны хомсдол ихсэж хүмүүсийн эрүүл мэнд болон бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Ирэх жилүүдэд хүн бүрийг ундны ус болон ариутгах татуургын үйчилгээгээр хангах нь цаг уурын өөрчлөлтийг багасгахад чиглэсэн гол стратеги" гэж НҮБ-аас тодорхойлж байна.


НҮБ-ын хүүхдийн сангаас "2040 он гэхэд 18-аас доош насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь буюу 600 сая орчим хүүхэд усны хэт хомсдолтой газар нутагт амьдрах болно" гэсэн судалгааг гаргасан байдаг.

Холбоотой мэдээ