Богино хугацаанд эрчимтэй дасгал хийх нь удаан хугацаагаар хийсэнтэй адил үр дүнтэй

Дэлхийд | Спорт
nyamtulga@montsame.mn
2016-04-28 14:00:50

ОТТОВА. /VOA/. Дасгал хийх цаг байхгүй гэдэг шалтаг тоочих хэрэггүй боллоо. Учир нь Канадын МакМастер их сургуулийн эрдэмтэд нэг минутын турш эрчимтэй дасгал хийх нь тэсвэр тэвчээрийн удаан хугацаатай бэлтгэл хийсэнтэй адил хэмжээгээрр эрүүл мэндэд ашигтай болохыг судалгаагаар нотолжээ.

Энэ бол цаг хугацаа хэмнэсэн дасгалын стратеги юм. Богино хугацаанд эрчимтэй дасгал хийх нь гайхалтай үр дүнтэй гэж МакМастер их сургуулийн биеийн хөдөлгөөн судлаач профессор, уг судалгааг ахлагч Мартин Гибала хэлэв.

Эрдэмтэд уг судалгаанд суугаа ажил хийдэг 27 залууг оролцуулж, эрчимтэй дасгал хийдэг, дунд зэргийн эрчимтэй дасгал хийдэг, дасгал хийдэггүй гэсэн гурван бүлэгт хувааж, тэдний зүрх, уушгины үйл ажиллагаа болон цусан дахь сахарын хэмжээнд ямар өөрчлөлт гарч байгааг хянасан байна.

Эрчимтэй дасгал гэдэгт дугуй жийлтийн төхөөрөмжид 20 секундийн давтамжтайгаар гурван удаа орж жийх дасгал оржээ. Дасгалын явцад хоёр минутын турш бие халааж, гурван минутын  турш амрах юм. Мөн хүнд жийлтүүдийн хооронд хоёр минутын турш хөнгөн жийлтийн дасгал хийнэ.  

Харин дунд зэргийн ачаалалтай дасгал гэдэгт 45 минут жийж, дээр дурдсаны адил амралт, бие халаалтыг оруулсан байна. Дасгалын төгсгөлд хоёр өөр түвшинд дасгал хийсэн хүмүүст гарч буй үр дүн нь гайхалтай гэмээр адил байсныг судлаачид онцлон дурдаж байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ