Испаничуудад онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-15 13:15:22

МОСКВА. /Interfax/. Коронавирусний халдварын тархалтын цар хүрээгээр Итали улсын дараа хоёрдугаарт орж байгаа Испанийн Засгийн газар уг вирусний тархалттай тэмцэх зорилгоор онцгой байдлын тухай тогтоол баталлаа гэж “El Pais” сонин мэдээлжээ.


Гуравдугаар сарын 16-ны даваа гаргийн 8:00 цагаас хэрэгжиж эхлэх уг тогтоолд заасны дагуу иргэд зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан, зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдаж авах, мөн үсчин орох тохиолдолд гадагш гарахыг зөвшөөрнө.


Испанийн иргэд ажилдаа явах, гэртээ харихдаа л гудамжаар явна. Түүнчлэн эмнэлгийн байгууллагууд, тусламж шаардлагатай байгаа хамаатан садан, найз нөхөд дээрээ очих эрхтэйгээс гадна шаардлага гарсан тохиолдолд банканд очихыг зөвшөөрчээ.


Дээрх арга хэмжээг даган мөрдөж байгаа эсэхийг цагдаа нар хянана. “El Pais” сонинд мэдээлж буйгаар, Испанийн Ерөнхий сайд Педро Санчес онцгой байдал зарлахдаа дэглэмийг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах эсэх талаар дурдаагүй байна.


Испанийн эрх баригчид иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан онцгой байдлын дэглэм тогтоох шийдвэр гаргасан тухай баасан гарагт мэдээлсэн боловч холбогдох тогтоолыг тус улсын Засгийн газар бямба гарагт долоон цаг хуралдсаны эцэст баталжээ.


Ням гаргийн байдлаар Испанид коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 5700 давж, 135 хүн нас барсан байна. 


Холбоотой мэдээ