“WikiLeaks”-ийн гол мэдээлэгчийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-03-13 15:30:55

ВАШИНГТОН. /BBC/.  Цэргийн тагнуулын шинжээч асан, “WikiLeaks” цахим хуудасны гол мэдээлэгч гэгддэг Чэлси Мэннингийг  суллах шийдвэрийг АНУ-ын шүүхээс гаргасан байна. 


Улсын нууц задруулсан хэргээр долоон жил торны цаана суусан Челси Мэннинг “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжтай холбоотой хэрэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан хэргээр өнгөрсөн онд дахин хоригджээ.


Өдгөө 32 настай Челси Мэннинг баасан гарагт шүүх хуралд оролцох ёстой байсан боловч пүрэв гарагт Виржини муж улсын дорнод тойргийн шүүх Ассанжын хэрэгт Мэннингийн мэдүүлэг шаардлагагүй гэж үзжээ. Ассанжийн мэдээлэгч 11 сар хоригдсон байна.


Челси Мэннинг өмнө нь шоронд амиа хорлохыг завдсан юм. Хангалттай ил тод бус хэрэгт мэдүүлэг өгөх хүсэлгүй байгаагийнхаа улмаас хоригдсон нь түүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөн учир тэрбээр амиа хорлохыг завдсан гэж түүний өмгөөлөгч тайлбарлажээ. Мэннинг WikiLeaks-ийн хэрэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж, 2013 оны шүүх хурлын үеэр мэдүүлэг өгөх үедээ бүх мэдээллийг хэдийнээ дэлгэсэн гэж мэдэгдсэн байна. Хэвлэлүүдэд мэдэгдэж байгаагаар энэ бол Мэннингийн амиа хорлох гэсэн гурав дахь оролдлого юм.


“Wikileaks”-ын гол мэдээлэгч өмнө нь Брэдли Мэннинг гэдэг нэртэй эрэгтэй хүн байсан бөгөөд хожим шоронд байхдаа хүйсээ солиулж, нэрээ Челси Мэннинг  болгон өөрчилсөн байна. Тэрбээр тагнуул хийсэн, “WikiLeaks”-т нууц мэдээлэл дамжуулсан хэргээр 2013 онд 35 жил хоригдох ял авсан юм. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама түүний ялыг хөнгөрүүлж, 2017 онд суллагджээ.


“WikiLeaks”-тэй холбогдох хэргийн мөрдөн шалгах ажил хэдэн жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд АНУ-ын эрх баригчид одоо Их Британид хоригдож буй тус цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг шилжүүлэн авахыг оролдолж байгаа юм.


 


Холбоотой мэдээ