Абэ, Трамп нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-13 14:47:29

ТОКИО. /NHK/. Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар шинэ коронавирусний халдварын тархалтыг зогсоох чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Токиогийн Олимп, Паралимпын наадмыг амжилттай явуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.


Хоёр орны удирдагчид орон нутгийн цагаар баасан гаргийн өглөө АНУ-ын талын хүсэлтээр 50 орчим минут утсаар ярьжээ. Японы Засгийн газар коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд хилийн хяналтаа чангатгасан бөгөөд өргөн хүрээг хамарсан арга хэмжээнүүдийг цуцлахыг уриалж байгаа гэж Абэ Шинзо хэлжээ.


Үүний хариуд Д.Трамп, АНУ халдварын тархалтыг хязгаарлахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргаж байна хэмээн хэлжээ. Хоёр орны удирдагчид мөн хувьцааны ханш огцом унасан гэх мэт эдийн засагт үзүүлэх тархалтын нөлөөний талаар санал бодлоо солилцож, санхүүгийн арга хэмжээнүүдийн талаар хэлэлцжээ.


Токиогийн Олимп, Паралимпын талаар Абэ Шинзо хэлэхдээ, Япон улс энэхүү наадмыг төлөвлөснийхөө дагуу зохион байгуулахын төлөө чадах бүхнээ хийж байна гэжээ. Д.Трамп үүний хариуд Японы хүчин чармайлтад талархал илэрхийлсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч утсаар ярихын өмнө Токиогийн Олимпыг нэг жилээр хойшлуулахыг санал болгосон боловч Абэ Шинзотой ярих үеэрээ энэ талаар дурдаагүй байна. Японы Ерөнхий сайдтай сайхан яриа өрнүүллээ гэж Д.Трамп “Twitter” хуудсандаа нийтэлжээ. 

Холбоотой мэдээ