ЭНЭ ЦАГИЙН УРЛАГ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-03-13 12:49:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Дэлхийн хэмжээний томоохон үзэсгэлэнгүүдэд оролцож Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргаж яваа залуу уран бүтээлч Д.Одончимэгтэй уулзаж ярилцлаа. Мөнхүү түүний өвөрмөц бүтээлүүдийг уншигчиддаа танилцуулж байна.


-Юун түрүүнд харь оронд сурч хөдөлмөрлөхийн давуу тал бас сөрөг тал нь юу байдаг вэ?


-Эх орондоо ирнэ гэдэг баяр бахдалаас өөр юуг ч үл төрүүлдэг дээ. Харь оронд олон жилийг өнгөрөөхдөө хүн эх орноо зүүдлэхгүй байж чаддаггүй. Хааяа маш ихээр санадаг, амьдрал дэндүү давчуу хүнд мэт санагддаг. Гэвч би энд сурч, хөдөлмөрлөж, өөрийнхөө нэрийг аав, ээж, эх орныхоо далбаатай цуг бөмбөрцгийн дээр мандуулахаар ирсэн хүн. Тиймээс хийж бүтээх хэрэгтэй гэсэн бодлоор оюун ухаанаа тэтгэж, эх орон, төрсөн нутаг усаа санаж бэтгэрэлгүйгээр өөрийгөө аль болох завгүй байлгаж уран бүтээлээ туурвидаг.


-Бид амьдралаас үргэлж гэрэл гэгээ хүсэж байдаг. Тэр ч утгаараа урлагаас ч мөн тунгалаг мэдрэмж эрж хайдаг. Таны бүтээлүүд хүмүүст тийм мэдрэмжийг өгч чаддаг болов уу?


-Миний бүтээлүүд хүмүүст гэрэл гэгээ өгч чаддаг эсэхийг сайн мэдэхгүй. Миний үндсэн зорилго ч бас энэ биш байх. Ямарваа нэгэн зүйлийг хүмүүст сургамжлах нь, тэр хүнд гэрэл гэгээ түгээхсэн гэж урлагийг бүтээвэл ямар ч үнэ цэнэгүй. Харин тэр хүн өөрөө урлагаас гэрэл гэгээ эсвэл бараан мэдрэмжийг олж авах уу, үгүй юу гэдэг өөрийнх нь асуудал. Гэхдээ гэгээ бэлэглэх дургүй гэсэн үг биш. Учир нь урлаг өөрөө туйлын харгис мөн чанартай байдаг. Тэр хэрээрээ амьдралын сайхан муухайг шашнаас илүү үнэн зөвөөр урлагийн хэл хүүрнэж чаддаг гэж би боддог.


-Өнөөдөр урлагийн ихэнх бүтээлүүд хэний ч санаанд оромгүй зүйлсээр дүүрсэн. Ихэнх урлаг эрх чөлөөг хүсэмжилсэн дүр дүрслэлүүдээр дүүрэн байдаг. Зургууд чинь эрх чөлөөнд хэт ихээр шунан тэмүүлсэн сэтгэгдэл төрүүлэх ч боломжгүй зүйлсийн төлөө хүн өөрийгөө хэрхэн золиосолж байгааг харуулсан мэт санагдсан. Би зөв ойлгож уу?


-Магадгүй тийм байж болно. Дээр хэлсэнчлэн би бүтээлүүдээрээ хүний сэтгэлийн гүнд байдаг сонин этгээд мэдрэмжийг өдөөж өгөхийг хүсдэг. Бидний сэтгэлийн мухарт өөрсдийн маань асаагүй, асааж чадахгүй, мэдэхгүй байгаа лаа байдаг. Тэрхүү лааг асааж доторх харанхуйгаа гэрэлтүүлэхийн тулд ямар нэгэн гялсхийсэн мэдрэмж хүнд төрөх хэрэгтэй. Хааяа надад ингэж санагддаг юм л даа. Бусдын бүтээлийг хараад гайхан алмайрах мөчид өөрсдийн дотор байгаа нуугдмал авьяас сэргэдэг. Тиймээс л би бусдын харь мэдрэмжийн өдөөхийг, сэтгэл зүрхэнд нь гүн гүнзгий эргэж хөрвөсөн бодлууд үлдээхийг хүсдэг. Чимээгүйхэн бодлогоширч суухыг мөрөөдөгсдөд миний бүтээлүүд таалагдах байх гэж найддаг шүү. /инээв/




-Орчин үеийн урлагт тайлбар хэрэггүй гэж зарим судлаач үзэх болсон. Гэвч ямар ч урлагт нийгмийг соён гэгээрүүлэх үүрэг гэж байдаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?


-Уран бүтээлч хүн эхлээд өөрийнхөө бүтээсэн бүтээлийг шүүмжилж чаддаг байх хэрэгтэй. Юу хэлэх гээд байгаагаа ухаарч ойлгосон байх нь хамгаас чухал. Дараа нь үүнийгээ бусадтай хуваалцах ёстой гэж боддог. Гэхдээ тайлбарлана гэхээр бүгдийг үг, үсгээр нэг бүрчлэн тайлбарлах албагүй. Зарим зүйлээ нууц хэвээр нь үлдээвэл илүү сонирхолтой.


-Та Парисын Дүрслэх урлагийн дээд сургуульд магистр хамгаалсан байх аа. Оюутан цагийн дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?


-Тийм ээ. Би өнгөрсөн оны зургаадугаар сард магистрын дипломоо “шүүгчдийн талархал”-тай хамгаалсан. Манай сургууль урлагийн сургууль болохоор ч тэр үү хүүхдүүд нь их нээлттэй, илэн далангүй нөхөрсөг хүмүүс байдаг. Олон орны өөр өөр хүүхдүүд нэг дор суудаг. Тэдний өмссөн зүүсэн, ёс заншил, хоол унд өөр ч бүгд урлагийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй. Сургуулийнхаа ганц монгол оюутан нь болохоор багш нар минь ч надад сайн байсан. Мөн сургалт нь мэргэжил тал руугаа давамгайлсан байдаг. Сурч байх хугацаандаа галлерейнуудаа танин мэдэж амждаг.


-Дипломоо “шүүгчдийн талархал”-тай гардан авсан гэсэн шүү дээ. Үүнд тайлбар хийхгүй юу?


-Монголоор бол энэ нь улаан дипломтой төгсөж байгаатай адилхан. Бакалавраа ч мөн шүүгчдийн талархалтай хамгаалж байсан.


-Францад долоон жил гаруй амьдарч байгаа гэсэн. Таны сэтгэхүй, уран зургийн тань арга барилыг ерөнхийдөө “франц” гэж тодотговол яах вэ?


-Францад уран бүтээлийнхээ анхны “А” үсгийг зурж сурсан гэж хэлж болно. Тиймээс миний урлагт хандах ерөнхий чиг хандлага, арга барил маань арай Европ тал руугаа байж болох. Гэхдээ юу ч хийж бүтээсэн байлаа би бол монгол л уран бүтээлч, гадаадад үзэсгэлэнд оролцох бүртээ монгол уран бүтээлч гэсэн нэрээ тодотгодог. Хүмүүс намайг эх орноор минь таньдаг. “Чингисийн монгол” гэж зарим хүмүүс нь баярлан хэлдэг.




-Бусад орны уран бүтээлчид монгол уран зургийн талаар ямар бодолтой байдаг юм бол…


-Ер нь өөр орны уран бүтээлчид манай улсыг их сонирхдог. Зан заншил, үндэсний урлаг гээд л бүх талаар нь судлахыг эрмэлздэг. Бидний өвөг дээдэс хийгээд ХХ зууны гайхамшигтай зураачдын бүтээлүүд тэднийг алмайруулж чаддаг. Тиймээс надтай адилхан бодол тээж явдаг биз. /инээв/ Урьд нь монгол зургийг тоодоггүй байсан тухай уншиж байсан юм. Гадаадад том сургууль төгссөн хүний зураг, Хятадад тийм сургууль төгссөн тэрний агуу бүтээл гээд л одоо ч зарим нэг хүмүүс ярьдаг. Хэдийгээр энэ том урлагууд Монголын дүрслэх урлагийн хөгжилд асар их хувь нэмэр оруулж, хөгжүүлсэн ч гэсэн одоо бол яах аргагүй монгол зургийн бүтээл, үндэсний урлагт дэлхий арай өөрөөр ханддаг болсон нь мэдэгдэж байгаа. Би Францад нэлээдгүй хэдэн жилийг үдлээ. Тэр бүх цаг хугацаанд эх орноосоо хол байгаагүй. Би сэтгэл зүрхээрээ ойр дотны бүх хүмүүс, нутгийнхаа уул толгод, ой мододтой хамт суралцаж, бусадтай танилцах бүртээ Монголынхоо тухай ярьж, өөрийгөө монгол гэж тодотгож ирсэн.


-Францад байхдаа Луврын музейгээр мэдээж нэг бус удаа зочилсон байх. Тэнд таныг ямар зураг, баримал нь хамгийн ихээр бишрүүлж чадсан бэ. Юу нь тэгтлээ их анхаарлыг тань татав…


-1973 онд анх нээгдсэн, дэлхийд алдартай энэ музей руу би зав гарах болгонд очдог. Зөвхөн Франц орны бус хүн төрөлхтний гайхамшигт бүтээлүүд тэнд бий. Учир нь тэнд хүн төрөлхтний соёл иргэншлийн нэг хэсэг болсон эртний Грек, Ром, Египетчүүдийн хамгийн нандин урлагийн бүтээлүүд байдаг. Миний сэтгэлд хамгийн их хүрдэг, намайг бишрүүлдэг бүтээл гэх юм бол “La victoire de Samothrace” гэдэг баримал бий. Миний бүтээлүүдтэй төстэй санагддаг. Өөрт хамгийн дотно санагддаг зүйл маш их үнэ цэнтэй байдаг.




-Сүүлийн үед ихэнх хүмүүс инсталляц, контемпорари арга барилаар бүтээлүүдээ хийх болсон. Харин таны уран зураг, холимог техникийн бүтээлүүд тань инсталляц гэхэд арай зөөлөн өнгөтэй, өөрийн гэсэн хэм хэмжээтэй байгаад байх шиг. Ер нь ямар чиглэлээр уран бүтээлээ туурвидаг вэ?


-Би контемпорари арт чиглэлээр бүтээлээ туурвидаг. Учир нь би чинь энэ цагийн хүн шүү дээ.


-Энэ цагийн хүн гэхээс илүү том шалтгаан танд байсан байх. Юуны учир контемпорари урсгалаар бүтээлээ туурвих болов. Цаад шалтгааныг нь мэдэхийг хүсэж байна…


-Энгийн үгээр товчхон хэлэхэд зөвхөн уран зураг эсвэл баримал гэх мэт суурь төрлүүд урлагийн бүтээл, охь дээжис нь байх ёстой мэт ханддаг хүмүүс олон. Харин энэ урсгал нь хэний ч нүдэнд урлагийн бүтээл гэж үл анзаарагдам зүйлс ч урлаг байж болно гэдгийг зарлан тунхагладаг. Энэ бол хязгааргүй эрх чөлөөний нэг хэсэг. Хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр нэг контемпорари арт уран бүтээл бүтээхэд асар эрх чөлөөтэй бөгөөд тэр нь их гоо зүй болон техник гээд аливаа хэрэглэж байгаа материал мөн тухайн бүтээлээ бусадтай хэрхэн хуваалцах гэсэн талууд дээрээ тод харагддаг. Тэгэхээр энэ зүгээр л ямар ч хэм хэмжээгүй эсэн бусын зүйлсийн цуглуулга биш гэсэн үг. Зураач зургаа заавал хананд өлгөх ёсгүй. Гол нь хаана байрлавал зохих тэр газарт нь л байрлуулж өгдөг.




-Зарим хүмүүс хэнд ч, бүр өөрөө ч ойлгогдохооргүй хачин зүйлс хийчихээд түүнийгээ орчин үеийн урлаг гэлээ гэж ярьдаг. Үүний тухай…


-Нээрэн тиймэрхүү зүйл их ажиглагддаг шүү. Гол нь хэн үнэнхүү урлагийг бүтээж байгааг үзэгчдийн мэлмий, оюун бодол л тунгаан шүүх биз. Бидний амьдарч буй орчлон ертөнц маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Тэр утгаараа урлаг хэний ч санаанд оромгүй зүйлсээр дүүрсэн гэж ярих хүмүүсийн тоо ихэссэн.


-Таны “Art vision” хамтарсан үзэсгэлэнгийн тань бүтээлүүдийг харсан. Нэг ч зургаа жаазалж байгаагүй юм шиг санагдсан. Яагаад тэр юм бол…


-Тус үзэсгэлэн дээр өөрийн сайн гэж боддог бүтээлүүдээ авчирч чадаагүй. Миний ихэнх бүтээлүүд жаазнаас гадуур оршдог. Учир нь тэд гоёл чимэглэлийн зүйлс биш. Хааяа надад гурав дахь мэлмий буй мэт санагддаг. Тэр л мэлмийгээр харахад эргэн тойрны бүхий л зүйлс өөр харагддаг. Нэг бол энэ төсөөлөл эсвэл жинхэнэ дүр төрх нь ийм байх гэж би боддог. Ийм л мэдрэмжүүдийг хүртэх үед зургуудаа жаазалж өлгөмөөргүй санагддаг.


-Ихэнх бүтээлүүдэд тань хүний тасарсан бие эрхтнүүдийн дүрслэл их байсан. Үүнд өөрийн гэсэн философи байгаа байх. Та тайлбарлаж өгөхгүй юу?


-Би хүний нүүр царай зурах дургүй. Ойр дотны минь хэн нэгэнтэй төстэй болчихвий гэхээс эмээдэг. Хүний бие гэж их сонин, нууцлаг ертөнц. Бидний дунд мөрөн дээрээ толгойтой мэт боловч яг өөрийн гэсэн толгойгүй, үзэл бодол, чиг хандлагагүй маш олон "толгойгүй" хүмүүс бий.




-Багаасаа л их зурах дуртай хүүхэд байсан юм шигээ… Басхүү баримлын шавраар элдэв зүйлс хийдэг байсан жаахан охины дүрээр бага нас тань төсөөлөгдсөн шүү?


-Тиймээ. Бага байхын л зураг зурдаг хүүхэд байсан. Таван хошуу мал их зурдаг байснаа санадаг юм. Арван жилд байхдаа сургуулийн ханан дээр зурсан зургуудаараа үзэсгэлэн гаргаж байсан. Миний хамгийн гоё дурсамж. Тэр үеэ дурсан санах бүрт дотор минь байдаг жаахан охин амилчих шиг л санагддаг. Бүр болоогүй яг л хүүхэд шиг муруйж сарийсан дүрстэй олон зүйлийг хаа хамаагүй сарааччихмаар санагддаг шүү. Манай удамд долоон үеэрээ уран дархан хүмүүс байсан юм билээ. Магадгүй удам дамжин ирсэн тэр нэг авьяас билгийн хүч намайг уран бүтээлч болоход нөлөөлсөн байх.


-Гэр бүлийнхнийхээ талаар танилцуулаач. Гэрт тань урлагийн хүн байдаг уу?


-Манай гэрт яг урлагт амьдралаа зориулсан, бүтээл туурвиж амьдралаа залгуулдаг хүн байхгүй. Маш сайхан зурдаг, сийлбэр хийдэг өөрийн гэсэн тодорхой авьяастай хүмүүс бол бий. Тэд маань намайг үргэлж дэмжиж тусалж ирсэн. Өөрийн үнэтэй зүйлээсээ хол байх тусам хүн түүнийгээ ухаардаг гэдэг яг үнэн. Алс газар сурч явахдаа л гэр бүлийнхэндээ ямар их хайртайгаа мэдэрч түүнийгээ үргэлж хэлж баймаар санагддаг байж билээ.


-Анх яагаад Франц руу явж суралцахаар шийдэв. Монгол дахь уран зургийн сургуулиудын сургалт, заах арга барилыг судалж үзсэн үү. Таны сэтгэлд нийцдэг үү?


-Би Монголд дээд сургуульд сурж үзээгүй болохоор ямар байдгийг хэлж мэдэхгүй. Миний бага насны мөрөөдөл маань Дали, Пикассо гээд дэлхийн алдартай хүмүүсийн аж төрж, урлагийн гараагаа эхэлсэн газарт очиж суралцахыг хүсдэг байсан. Мөрөөдлөө ч биелүүлж чадсан. Мөн хамгийн том шалтгаан нь дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, өрсөлдөөн ихтэй газар олон орны шилдэг залуустай хөл нийлүүлэн алхаж, хамт суралцахыг илүүд үзсэн юм.


-Бүтээлүүдийг нь хараад дотоод сэтгэлдээ дуу алддаг, гайхан биширдэг уран бүтээлч таны хувьд байдаг уу?


-Байлгүй яахав. Францын Louise Bourgeois гэж хүн бий. Бодит үнэн гэж юуг хэлдэг вэ? Энэ асуултын хариуг түүний бүтээлүүд өгөх шиг мэдрэмж төрүүлдэг.




-Өөрийн гэсэн орчин нөхцөл бүрдүүлж, бүтээлүүдээ хийдэг үү. Ямар орчинд зураг зурах таатай санагддаг вэ?


-Надад тансаг том урлан, алтан бийр хэрэггүй. Зургаа зурж байхад нарны гэрэл тод тусдаг, чимээ багатай өрөө байхад л болно.


-Яг одоо надтай ярилцаж суухын оронд гэрэл тод тусдаг, чимээ багатай өрөөндөө суугаад зураг зурмаар санагдаж байна уу?


-Үгүй ээ. Ярилцах таатай байна. Хүн гэдэг яалт ч үгүй нийгмийн амьтан. Яг одоо би дэлхийн бөмбөрцөг дээр ажиллаж, аж төрж байгаа л бол бусад хүмүүстэй харилцаа тогтоох хэрэгтэй.


-Мэдээж харь газар сурахаар явах тэр үед ямар мэдрэмж төрж байсан бол. Дотно нандин бүхнээсээ холдохоор хүний цээж хоосорчихсон мэт мэдрэмж төрдөг дөө. Эсвэл эсрэгээрээ байна уу?


-Эх орныхоо тухай дотор бодож байдаг бүхнээ уудлан ярьж байгаад сүүлд нь буцна гэдгээ бодохоор жаахан гуниг төрдөг. Гэхдээ зүгээр, би уран бүтээлээрээ эх орон, ээж аавынхаа нэрийг өндөр өргөх гэж зорьсон зорилгодоо хүрэх гэж алсын орныг зорьж байгаа. Онгоцонд суугаад нисэх үед олон зүйл араас минь чангааж байдаг ч би тэр бүхнээс шүдээ тас зуугаад холдон одож чаддаг.



Холбоотой мэдээ