Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-03-13 10:51:38

Дорнод /МОНЦАМЭ/. Хуурайшилтын улирал эхэлж буйтай холбоотойгоор ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагууд онцгой анхаарч ажиллаж байна гэж Зүүн бүсийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ард иргэдийг ч сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Энэ өвөл ихэнх нутгаар цастай байсан ч саяхны өдөр хур тунадас бага орсон Баяндун сумын Нарсан толгой орчмоор Оросоос хил давж ой хээрийн түймэр орж ирснийг цаг алдалгүй унтраасан юм.  

Сүүлийн жилүүдэд Дорнод аймаг ой хээрийн түймрийн гаралтыг бууруулах, хязгаарлах чиглэлээр үр дүнтэй ажиллаж байна. 2016 онд 41 удаагийн ой хээрийн түймэр гарсан бол 2017 онд 35, 2018 онд 12, 2019 онд 29 болжээ. Үүнээс өмнө аймгийн Засаг даргын нөөцийн сангийн ихэнх хувийг түймэр унтраахад зарцуулдаг байсан үе бий. Харин хавар, намрын хуурайшилттай үед эргүүлүүдийг олноор гаргаж, хилийн дагуу түймрээс хамгаалах, мөр хянах зурвас татаж, арчлалтын мөнгийг жил бүр төсөвт тусгах зэргээр урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийснээр түймрийн гаралтыг хязгаарлаж, гаралтыг аажмаар бууруулж байна.

Холбоотой мэдээ