Ц.Батсүх: Банкуудын төгрөгийн заавал байх нөөц буурснаар 300 тэрбум төгрөг зээлд гарах боломжтой болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-13 10:30:57
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны МБХ-ны шийдвэр болон эдийн засгийн цаг үеийн бусад асуудлаар Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн, СЭЗИС-ийн экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүхтэй ярилцлаа. 


- Монголбанкны МБХ хэдхэн хоногийн өмнө хуралдаж бодлогын хүүг 10 хувь болгож буурууллаа. Энэ шийдвэр эдийн засагт ямар бодит нөлөө үзүүлэх вэ?


- Бодлогын хүү нь банк хоорондын захын үйл ажиллагаагаар дамжин хадгаламж, зээлийн хүүд нөлөөлдөг. Улмаар зах зээлийн механизмаар үнийн түвшинд нөлөөлөх хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг бууруулах чиглэлд авч буй арга хэмжээ болно. Ингэснээр зээлийн эрэлт ихсэж, түүгээр дамжин бизнесийн хөрөнгө оруулалтууд нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтийг дэмжих нөлөөтэй. Гэхдээ энэ хэрэгслийн эдийн засгийн үзүүлэлтүүдэд нөлөөлөх байдал нь тодорхой хугацааны дараа, тухайлбал нэгээс хоёр улирлын дараа мэдэгддэг. Одоо авч буй энэ арга хэмжээ нь манай улсын эдийн засгийн хамгийн идэвхжил өндөртэй байдаг гурав, дөрөвдүгээр улиралд үр дүнгээ өгнө.


- Монголбанкнаас хүүг 0.5 хувиар бууруулах санал дэвшүүлсэн. Яагаад нэг бүхлээр бууруулах болсон бэ?


- Өмнөх МБХ-ны хурлаар энэ санал орж ирсэн боловч хэвээр хадгалах шийдвэр гарсан. Бодлогын хүүг бууруулах үндсэн шалтгаан нь манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн 4-5 улирал дараалан саарч, хэрэглээ хумигдсан. Нөгөө талаас эдийн засгийн идэвхжилийн энэ сааралтаас үүдэн эрэлтийн гаралтай инфляци буурах хандлагатай байгаа. Эдгээр шалтгаан дээр үндэслэн эдийн засгийн өсөлтийг дэмжих мөнгөний бодлогын орон зай гарч байна гэж үзээд бодлогын хүүг бууруулах санал орж ирж байсан.

Гэтэл энэ оны эхний улиралд эдийн засгийн гадаад нөхцөлтэй холбоотойгоор дотоодын эдийн засгийн салбаруудын үйл ажиллагаа төсөөллөөс илүүтэй саарч байгааг харгалзан нэг бүхэл нэгж хувиар бууруулах шийдвэр гарсан.


- Одоогийн нөхцөлд бодлогын хүүг нэг хувиар бууруулсан ч бодитой үр дүн өгөхгүй гэж зарим эдийн засагч үзэж байна. Үүн дээр та ямар тайлбар хэлэх вэ?


- Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт, дотоодын хангалттай холбоотойгоор, цаашид нийлүүлэлтийн шинжтэй инфляци үүсэж болзошгүй байдал, мөн санхүүгийн системийн тогтвортой байдлыг харгалзан үүнээс илүү хувиар бууруулаагүй. Гэхдээ бодлогын хүүнээс хурдан, илүү нөлөөтэй хоёр арга хэмжээг хамт авахаар шийдсэн.

Тухайлбал, төгрөгийн заавал байлгах нөөцийн нормыг хоёр нэгж хувиар бууруулсан нь нэгдүгээрт, арилжааны банкуудын илүүдэл нөөц 300 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зээлд гарах боломж үүснэ, хоёрдугаарт, зээлийн эргэн төлөлт удаашрах тохиолдолд арилжааны банкуудын хөрвөх чадварыг хангах сайн талтай, гуравдугаарт арилжааны банкуудын пассивын долларжилтыг сааруулах нөлөөтэй.


- "COVID-19"-тэй холбоотой ААН-үүдийн үйл ажиллагаа доголдсон учир банкуудын зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх тухай яригдаж байна. Энэ нь хэр зөв бэ?


- Шууд захиргааны аргаар ч юмуу хүүд нөлөөлөх нь системийн үйл ажиллагааг доголдуулах сөрөг нөлөөтэй. Харин Төв банк, Сангийн яам, СЗХ санхүүгийн байгууллагуудын активын шаардлага, бусад шалгуур үзүүлэлтүүд дээр шийдвэр гаргаж, арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны хувьд шинэ орон зай гаргах тал дээр анхаарах хэрэгтэй. Банкуудын холбоо болон арилжааны банкуудаас зээлийн гэрээнд заагдсан хүүний болон үндсэн төлбөрийн нөхцөлүүдийг өөрчилж, тодорхой хуваарийн дагуу хойшлуулах боломж олговол зүгээр байх. Засгийн газар төсвийн боломжтой бол тодорхой ААН-үүдтэй хэлцэл хийж, хүүний төлбөрийг хийгээд дараа нь татварт шингээн суутгаж болох юм.


- Ийм онцгой нөхцөлд бизнес эрхлэгчдээ төр хэрхэн дэмжих ёстой вэ?


- Төсвөөс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудыг дотоодын аж ахуйн нэгжүүдээр гэрээлэн гүйцэтгүүлж, тэдгээрийг орлогожуулах, улмаар ажлын байр бий болгох замаар дэмжих боломжтой.


- ДЭМБ "COVID-19"-ийг дэлхий нийтийг хамрасан цар тахал хэмээн зарлалаа. Энэ нь эдийн засагт ямар анхааруулга өгч байна вэ?


- Өмнө нь ганц нэг улс, бүс нутгийн хэмжээний байсан асуудал, одоо нийт улс орныг хамрах хэмжээнд хүрснээр дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Энэ нь эдийн засгийн бус шалтгаантай нийлүүлэлтийн маягийн шокоос үүдэлтэй хямрал үүсэх дохио болж болох юм. Гэхдээ энэ үйл явц хэр удаан үргэлжлэхээс хамаарна.


- Халдварт өвчинтэй холбоотой манай улсын эдийн засагт ямар өөрчлөлт гарч байна вэ?


- Манай улсын экспортын хувьд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч байна. Дотооддоо түр хугацаагаар нийлүүлэлтээ хязгаарласан, зогсоосноос үүдэлтэй экспорт буурч байгаа бол, мөн гадаад эрэлттэй холбоотой манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд буюу алтнаас бусад зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны үнийн бууралтаас экспортын орлогоо алдах эрсдэл үүслээ. Мөн аялал жуулчлал, тээвэр, нисэхийн салбаруудад нөлөөлөхөөр байна. Үүнээс барааны экспортоос гадна үйлчилгээний экспортоос алдагдал хүлээхээр болж байна.


- Эрдэс бүтээгдэхүүний экспорт зогссоноор төсвийн орлого тасалдаж байна. 2020 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай юу?


- Дотоодын эдийн засгаа дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх талаасаа харвал төсөвт тодотгол хийхгүй байх нь зөв ч, урт хугацаандаа гадаад төлбөрийн тэнцэл талаас харвал хийх шаардлага байна.

Учир нь төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтууд, тухайлбал төмөр болон авто зам тавих, барилга барих нь их хэмжээний импортын бүтээгдэхүүн шаардана. Үүнээс үүдээд экспортын агшилттай үед гадаад худалдааны алдагдал ихсэж, улмаар валютын нийлүүлэлт багасгах, ханш өсөх эрсдэлийг давхар дагуулна. Тодорхой эх үүсвэртэй хөрөнгө оруулалтууд ч болж байна гэж үзэхэд зарим хөрөнгө оруулалтын эх үүсвэр одоогоор тодорхой бус хэвээр байгаа нь эргэлзээ төрүүлж байна.


Холбоотой мэдээ