Хууль бусаар согтууруулах ундаа худалдсан иргэдийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-03-12 15:22:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Удаа дараа хууль бусаар согтууруулах ундаа зарж борлуулсан үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. 

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Оюутын 3-12 тоотод байрлах 6 нэрийн “Найман тансаг” хүнсний дэлгүүр нь тусгай зөвшөөрөлгүйгээр удаа дараа согтууруулах ундаа зарж борлуулсан үйлдлийг шалгаж эхэлжээ. Иргэдийн дунд “Гэрэлтэй цонх” хэмээн нэрлэгдсэн тус дэлгүүрт Цагдаагийн газраас 2020 оны 01, 02 дугаар сард тус бүр зөрчлийн хэрэг нээн, Зөрчлийн тухай хуулийн 6.4.15-д заасны дагуу нийт 550,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулж, дахин хууль бус үйлдэл хийхгүй байхыг анхааруулж, баталгаа гаргуулсан байсан ажээ. 

Гэтэл уг дэлгүүрт 2020.03.11-ний өдөр хийсэн шалгалтаар согтууруулах ундаа дахин илэрчээ. Иймээс дэлгүүрийн эзэн болох Н.Б гэгчид зөрчлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн зөрчилд нь үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авахуулахаар аймгийн МХГ-т шилжүүлсэн байна.

Мөн "Хууль бусаар архи, согтууруулах ундаа зарж борлуулж байна" гэсэн иргэдийн мэдээллийн дагуу Даланзадгад сумын Төгөлийн 6б-3 тоотод оршин суугч Ц.Б-ийнд үзлэг хийжээ. Тэрээр өөрийн эзэмшлийн хашаандаа тусгай зөвшөөрөлгүйгээр тамхи, их хэмжээний архи, шар айраг зарж борлуулах зорилгоор хадгалж байсныг хураан авч, зөрчлийн хэрэг нээн хуульд заасны дагуу холбогдох шалгалтыг хийж байна.

Холбоотой мэдээ