Архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглов

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-11 09:29:25

Завхан /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэр гарсантай холбоотой Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Тухайлбал аймаг, сумаас орох, гарах бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020.03.10-ны өдрийн 07:00 цагаас эхлэн 2020.03.16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хязгаарлах. Хөдөлгөөн хаах хугацаанд аймгийн хэмжээнд 106 постыг ажиллуулах. Тухайлбал 24 сумын 96 пост, аймгийн хилийн дагуу 10 постыг 24 цагаар ажиллуулахаар болов.  Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор зайлшгүй нөхцөлд зөвшөөрөл олгож нэвтрүүлэх юм. Тухайлбал албан томилолтоор зорчиход нэвтрэх зөвшөөрлийг олгоно. Ингэхдээ баталгаажсан албан томилолтын хуудас, томилолтоор ажиллах удирдамжийг үндэслэн зөвхөн албан томилолтын хуудсанд бичигдсэн хүнийг нэвтрүүлнэ.

Мөн ар гэрийн гачигдлын үед зорчих тохиолдолд зөвшөөрлийг олгоно. Ингэхдээ аймгийн Цагдаагийн газрын дарга болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын зөвшөөрлийн бичиг, нас барсны гэрчилгээг үндэслэн жолоочоос гадна тав хүртэл хүнийг нэвтрүүлэх зөвшөөрлийг олгоно.

Эмнэлгийн яаралтай тусламж, эрүүл мэндийн шалтгаанаар зорчиход нэвтрэх зөвшөөрлийг олгоно. Ингэхдээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын зөвшөөрлийн бичиг, эмчлэгч эмчийн дүгнэлтийг үндэслэн зөвшөөрлийг олгоно.  

Өвс тэжээл хүргэх, татахаар зорчиход нэвтрэх зөвшөөрлийг олгоно. Ингэхдээ сум дотор тээвэрлэх бол сумын Онцгой комиссын шийдвэрээр буюу сумын Засаг даргын, аймаг, сум хооронд тээвэрлэх бол аймгийн Онцгой комиссын шийдвэрээр буюу аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн насанд хүрсэн гурав хүртэл хүнтэй автомашинд нэвтрэх зөвшөөрлийг тус тус олгохоор болжээ.

Томоохон хүнсний захууд хэвийн ажиллана

Авто тээврийн хязгааралт тогтоосон үед шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, нүүрс тээвэрлэхээр зорчиход аймгийн ажлын хэсэг буюу аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгээс нэвтрэх зөвшөөрлийг олгоно хэмээн шийдвэрлэжээ.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зоогийн газруудын ажиллах цагийн хуваарийг оройн 20.00 цаг болгож өөрчилж өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглов.

Харин томоохон хүнсний болон барааны захын үйл ажиллагааг хэвийн явуулж ариутгал халдваргүйтлийг чанд сахиулах, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг сануулав. Хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг өглөөний 09.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл явуулах шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов.  

Аймгийн хэмжээний төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг ариутгал халдваргүйтгэлийг чанд сахиж, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болголоо. Мөн иргэдийг айж тэвдэлгүй, аль болох гэртээ байх, гараа тогтмол угаах, гадуур явах бол амны хаалт заавал зүүхийг Онцгой комисс дахин зөвлөлөө.

Ташрамд, Улсын Онцгой комисоос Монгол Улсад коронавирусний халдварын анхны тохиолдол Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тул халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны 07:00 цагаас 03 дугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоосон аж. 

Холбоотой мэдээ