Монголд ирсэн франц иргэнээс “COVID-19” илэрлээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-03-10 07:46:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин хэвлэлийн бага хурал хийхдээ мэдээлэв.


УОК өнөөдөр 6.00 цагт хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Москва-Улаанбаатарын онгоцоор энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Францын иргэн энэ сарын 7-ноос халуурч эхэлжээ. Улмаар  эхний шатны шинжилгээгээр "COVID-19" илэрсэн бөгөөд Дорноговь аймагт тусгаарласан байна. Удахгүй дахин шинжилгээ хийж баталгаажуулна гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  мэдээллээ.


Тэрбээр, “ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг Дорноговь аймаг руу явсан. Францын иргэний биеийн байдал харьцангуй тогтвортой байна. Халуурч эхэлсэн даруйд эрүүл мэндийн байгууллагаас өөрийгөө 14 хоног тусгаарлах зөвлөмжийг тухайн иргэнд өгсөн ч үл хайхран гадуур явсан байна” гэв.


Түүнчлэн "COVID-19" илэрсэн Францын иргэнтэй нэгдүгээр хавьталд байсан хоёр иргэнд эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж, анхааруулга хүргүүлсэн ч үл хайхран Дорноговь аймгийн нутгаас гарсан байна. Дээрх хоёр иргэнд хуулийн хариуцлага тооцно гэдгийг мөн УОК-ын гишүүд хэлсэн юм.


УОК-оос нэн тэргүүнд хамт ирсэн, ажлын байранд цуг байсан, нэг буудалд буусан зэрэг хүмүүсийн мэдээллийг нэгтгэн гаргах ажлыг тусгай хүчний байгууллагуудад үүрэг болгожээ. Мөн өнөөдрийн 07.00 цагаас энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэсэн байна. Тодруулбал, аймаг, сумдаас хувийн тээврээр гарах, орох хөдөлгөөн, хот хоорондын нийтийн тээвэр, орон нутгийн нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож буй юм.

Холбоотой мэдээ