Орхон суманд бэлчээрийн даац 4-5 дахин хэтэрчээ

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 17:45:03

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Орхон, Орхонтуул сумдад ажиллахдаа ногоочдод олгосон газрын асуудал, малчдын бэлчээрийн маргааныг шийдвэрлэлээ.  

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Орхон, Орхонтуул сумдад ажиллаж, иргэд, малчидтай уулзалт хийлээ. Аймгийн дарга дээрх сумдад ажиллах үеэр тус сумдын малчдын хувьд сум дундын хил орчмын бэлчээрийн газрын асуудлаар маргаантай асуудлууд нэлээд хөндөгдсөн юм. Тухайлбал Орхон сумын хувьд Орхонтуул, Баянгол, Төв аймгийн Октябрь сумдуудтай хиллэдэг аж. Иймээс хил орчмын баг болох Орхон сумын “Мангирт” багийн “Мэргэн шувуу” хэмээх газарт өвөлжиж байгаа малчдын бэлчээрийн маргаан нэлээд хурцадмал байдалд орсон байв. Энд 10 гаруй малчин өрх байдаг бөгөөд сумын төвөөсөө 30-40 км зайд оршдог, мөн худаг ус муутай, багийн ИНХ-ын даргаа мэддэггүй, малчдаараа явж хурлаа хийж, асуудал шийдэж өгдөггүй зэрэг гомдлыг аймгийн даргад тавьсан юм. Аймгийн даргын зүгээс тус хил залгаа Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат, Орхон сумын ИТХ-ын дарга н.Бат-Орхон нарыг байлцуулан асуудлыг газар дээр нь хуулийн хүрээнд шийдвэрлэх тал дээр саналаа солилцлоо.

Малчдын зүгээс "шар поль"-д мал оруулснаас болж тариаланчидтайгаа үгээ олдоггүй, дэндүү дураараа дургих байдалтай байгааг компанийн хүмүүс ярьж байв. Тэдгээр малчид болоод тариаланчдад Сэлэнгэ аймгийн хувьд улс орны хүнсний үйлдвэрлэлийг хариуцдаг газар тариалангийн гол бүс нутаг учраас энэ гол үйлдвэрлэлээ анхаарлын төвд байлгаж, хуулийн хүрээнд ажиллахыг аймгийн дарга анхааруулсан. Орхон сумын тухайд бэлчээрийн даац 4-5 дахин нэмэгдсэн байгааг удирдлагууд нь танилцуулж байлаа.

“Газар тариалангийн хууль чинь эргэж харахгүй бол малчид, тариаланчдыг хагаралдуулах хууль байна” хэмээн Мангирт багийн малчид аймгийн удирдлагад хэллээ. Үүний хариуд аймгийн дарга “Сэлэнгэ бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах гол үүрэг хүлээсэн аймаг. Иймээс хуульд захирагдаж, хуулийн хүрээнд бид ажиллана. Та нөхөд суугуул, уугуулаас үл хамааран бие биенээ дэмжиж, өөрөө өөрсдийнхөө төлөө, хувь хүн өөрөө тэмц. Иргэд хоорондын харилцааны асуудал хамгийн чухал. Боломжоороо байгаагаа хуваан хэрэглэж сур. Сэлэнгэ аймагт бусдыгаа гадуурхах, дээрэлхэх ийм асуудал хэзээ ч байхгүй. Байгаагүй. Иймээс та нөхөд ам хэлээрээ ярилцаад, хуулиа дээдлээд зохицож амьдар” хэмээн хатуу сануулсан. Мөн шинэ гарч буй хуулийг хэрэгжүүлэхэд холбогдсон журмыг ХХААЯ-наас гаргана. Энэ журмын хүрээнд бид ажиллана. Гэхдээ бид малчдаа хохироохгүй байхаар бодолцож малын тоо толгойг бодлогоор бууруулна гэдгийг ч анхааруулав.

Орхон сумын иргэдийн бас нэг гол асуудал бол ногоочдод олгох газрын асуудал байлаа. Сумын Засаг дарга газар авах гэсэн хүнд өгөхгүй, нэг жилийн хугацаатай өгсөн, хэмжээнээс нь бага олгосон гэх зэрэг гомдлыг ногоочид тавьж байлаа. Аймгийн Засаг дарга аймгийн ГХБХБ-ын мэргэжилтнүүдийг аймгаас дуудаж дахин хэмжилт хийлгэн, иргэдийн энэ асуудлыг шуурхай, хуулийн хүрээнд хурдан шийдэж өгөх үүргийг өглөө.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ