Өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн зорчигч байхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-05 14:20:52

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар мэдээлэл өглөө.

Гуравдугаагр сарын 5-ны өдрийн 09.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт түр тусгаарлагдан ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна. Энэ хугацаанд Алтанбулаг боомтоор найман орны 1110 зорчигч, 596 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна. Зорчигчийн биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн зорчигч байхгүй байсан аж.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 10 суманд байнгын хяналтын 22 цэг ажиллаж байна. Хяналтын цэгт Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллага, МХГ, сумдын ЗДТГ-аас нийт 59 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж. Мандал, Сайхан, Баянгол, Дулаанхааны хяналтын цэгээр 3 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 цагийн байдлаар давхардсан тоогоор орох, гарах хөдөлгөөнд нийт 8088 зорчигч, 3829 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрчээ. Зорчигчдод сурталчилгааны материал тарааж, холбогдох заавар зөвлөмжийг өгсөн аж.

3 дугаар сарын 01-05-ны өдрийн 09,00 цагийн байдлаар Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн пунктэд Алтанбулаг сумын ЗДТГ, Мал эмнэлгийн газрын харъяа "Бумбат-Өлгий", "Бөхлөө Хангай" мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн 15 албан хаагч 24 цагаар ажиллаж, ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 70, суудлын 9, автобус 6, нийт 85 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 147 зорчигчид зөвлөмж өгөөд байна.

Холбоотой мэдээ